Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британийн хатан хаан 73 жил ханилсан хунтайжтайгаа салах ёс гүйцэтгэлээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт 99 насандаа таалал төгссөн Эдинбургийн гүн, хунтайж Филипийг оршуулах ёслол Бямба гарагт Уиндсорын шилтгээнд болж өнгөрлөө.

Цар тахлын үед болж буй уг ёслолд биеэр оролцох хүний тоог 30-аар хязгаарлаж, нийт британичууд гэрээсээ телевизийн дэлгэцээр үзэцгээжээ.

Шарилыг өргөж явах хүмүүсээс бусад бүх хүн хоорондоо хоёр метрийн зай барих хорио цээрийн дэглэмийг хатуу дагасан байна.

Гэгээн Жоржийн сүмд болсон мөргөлд хатан хааны гэр бүлийнхэн оролцож, танхимын хоёр талаар байрлах суудалд хол зайтай сууцгаажээ.

Суудлын дээд талд хар өнгийн гашуудлын хувцастай хатан хаан Хоёрдугаар Элизабет ганцаар заларсан байна. Гэр бүлээсээ хол амьдрах болсон хунтайж Харри ганцаар нэг эгнээнд сууж, түүний эсрэг талд ах хунтайж Уилльям нь гэргийн хамт суужээ.

Харригийн гэргий Меган Маркл хөл хүнд байгаа тул уг арга хэмжээнд оролцоогүй бөгөөд АНУ-ын Калифорни дахь гэрээсээ ёслолыг телевизээр үзсэн байна.

Хоорондоо эв түнжин хагарч, уулзалгүй удсан гэгддэг хунтайж Харри, Уилльям нар ёслолын төгсгөлд буцах замдаа үг солилцож байгааг хэвлэлүүд харуулсан юм.

Хэдийгээр оршуулгын ёслолд оролцох хүний тоог хязгаарласан ч уг арга хэмжээнд нийт 730 цэргийн алба хаагч оролцжээ. Тэдгээрийн дотор хунтайжийн алба хааж байсан HMS Magpie тэнгисийн хөлгийн усан цэргүүдийн төлөөлөл багтсан байна.

Их Британи даяар хүмүүс нэг минут дуугүй зогсон хунтайж Филипт хүндэтгэл үзүүлсний дараа их буугаар ёслолын буудлага хийжээ. Их буунуудыг Их Британийн газар нутаг бүрт байрлуулсан байна.

Хунтайжийн шарилыг 1952 онд таалал төгссөн Зургаадугаар Жорж хааны дурсгалын сүмд 24 ихэс дээдсийн булштай зэрэгцүүлэн оршуулжээ.

Эх сурвалж: The Guardian