Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавируст халдварын ойрын хавьтал болсон эсэхээ ирэх даваа гарагаас мэдэх боломжтой болно

A.Жаргал
2021 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Коронавируст халдварын ойрын хавьтал болсон эсэхээ эрт мэдэх боломжтой боллоо. Тодруулбал, УОК Apple болон Google компанитай хамтран хавьтлын эрсдэлийг эрт мэдээлэх COVID-19 ERSDEL системийг Монгол Улсад ашиглах боломжийг бүрдүүллээ. 

​Энэхүү системийг ирэх Даваа гарагаас эхлэн монголчууд ашиглах боломжтой.

Хэрвээ та халдвартай хүнтэй хоёр метрийн зайнд ойр байсан бол таны гар утсанд суусан COVID-19 ERSDEL системд тань халдвар авсан байж болзошгүй талаар мэдэгдэл ирнэ. Энэ үед та гэртээ өөрийгөө тусгаарлан биеийн байдлаа ажиглан, өөрт ойр шинжилгээний цэгт очиж, шинжилгээ өгөөрэй.

Тус системийг дэлхийн 30 гаруй улсын 130 сая хүн ашиглаж байна.

COVID-19 ERSDEL систем нь таны байршил, хувь хүний мэдээллийг боловсруулахгүй, цуглуулахгүй, хадгалахгүй, дамжуулахгүй. Өөрөөр хэлбэл таны хэн болох, хэнтэй уулзсан, хаагуур явсан зэрэг хувийн мэдээлэл Apple болон Google компани ч мэдэх боломжгүй юм.

COVID-19 ERSDEL системийг ашиглахын тулд та

  • iPhone утас хэрэглэдэг бол үйлдлийн систем нь 12.5, 13.7 хувилбар эсхүл түүнээс хойших хувилбарууд дээр “Settings” цэсээс тохиргоо хийх боломжтой.
  • Android үйлдлийн системтэй утастай бол Playstore -оос COVID19 ERSDEL аппликейшныг татаж авснаар ашиглах боломжтой.

Энэхүү системийг ашиглахын тулд та утасныхаа Bluetooth -ийг идэвхжүүлэх шаардлагатай ба таны утас хэдэн минут тутамд өөрчлөгддөг, санамсаргүй тоон дарааллыг үүсгэж, өөр хүний утастай тодорхой зайнд ойртох үед утаснууд өөр хоорондоо санамсаргүй тоон дарааллаа солилцоно. Таны хувийн мэдээлэл тэрхүү тоон дарааллаар хамгаалагдсан байх болно.