Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Куба улсад Кастрогийн эрин үе өндөрлөлөө

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт Кубын Коммунист Намын их хурал Хавана хотод эхэлжээ. Дөрвөн өдөр үргэлжлэх уг арга хэмжээний нээлт дээр 89 настай Раул Кастро намын даргын албан тушаалаа шинэ үеийн төлөөлөлд шилжүүлж байгаагаа зарласан байна.

Ингэснээр Раул Кастро, түүний ах Фидель Кастро нарын 60 орчим жил үргэлжилсэн хаанчлал өндөрлөж байгаа юм.

1959 онд ах дүү Кастро нар АНУ-ын дэмжлэгийг хүлээсэн дарангуйлагчийг төрийн эрхнээс зайлуулж, Куба улсыг коммунист дэглэмд шилжүүлж байв.

2016 онд болсон намын өмнөх их хурлыг Кастро өөрийн удирдах сүүлчийн хурал болохыг зарлаж байжээ.

Раул Кастро 2018 онд улсын ерөнхийлөгчийн суудлыг одоо 60 настай Мигуэл Диаз Канелд шилжүүлсэн юм. Одоо Канелд намын даргын албан тушаалыг өвлүүлж байна.

Кубын шинэ үеийн удирдагчдыг хэцүү сорилтууд хүлээж байгаа. Коммунист дэглэмийн гол ивээн тэтгэгч Зөвлөлт Холбоот Улс нуран унасны дараа Куба улс эдийн засгийн гүн хямралд ороод байгаа юм.

Залуу үеийнхний дунд одоогийн эрх баригчдад итгэх итгэл буурч байгаа. Хэдхэн жилийн өмнө тус улсын иргэдэд интернэт хэрэглэхийг зөвшөөрсөн бөгөөд тэр үеэс хойш сошиал орчинд эрх баригч дэглэмийг шүүмжлэх явдал нэмэгджээ.

2006 онд ахаасаа засгийн эрхийг шилжүүлж авсан Раул Кастро эхэндээ нийгэм, эдийн засгийн шинэчлэлтийг эхлүүлж байсан ч сүүлдээ удааширч, зогсонги байдалд орсон байна.

АНУ-ын өмнөх ерөнхийлөгч Дональд Трампын засаглалын үед Кубын коммунист дэглэмийн эсрэг хатуу бодлого явуулж, эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байв. 

Шинэ ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа уг бодлогыг зөөлрүүлнэ гэсэн хүлээлттэй байгаа ч саяхан Цагаан ордноос хийсэн мэдэгдэлд Куба улстай харилцаагаа өөрчлөх нь гадаад бодлогын тэргүүн зорилт биш болохыг зарласан юм.

 

Эх сурвалж: Reuters