Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын засгийн газар хариу арга хэмжээ авч, АНУ-ын 10 дипломатчийг хөөв

Т.Давааням, ikon.mn
2021 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа ОХУ-ын эсрэг ээлжит хориг арга хэмжээгээ зарласан билээ.

Кибер халдлага, сонгуулийн үр дүнд нөлөөлөх оролдлого зохион байгуулсных нь төлөө ОХУ-ын хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн болон визний хориг тавьж, Вашингтон дахь 10 дипломатчийг нутаг дэвсгэрээсээ хөөсөн юм.

Тэгвэл өчигдөр ОХУ-ын засгийн газар ижил хариу арга хэмжээ авсан байна.

Хоригийн хүрээнд Москва дахь АНУ-ын элчин сайдын яамны 10 дипломатчийг нутаг дэвсгэрээсээ хөөж, элчин сайдад нь засгийн газартайгаа зөвлөлдөх зорилгоор нутаг буцахыг зөвлөжээ.

Өнгөрсөн сард АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден хэвлэлд ярихдаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинийг “алуурчин” гэж нэрлэсэн юм. Үүний дараа ОХУ-ын гадаад хэргийн яам хоёр орны цаашдын харилцааны талаар зөвлөлдөхөөр Вашингтон дахь элчин сайдаа дуудаж байв.

Элчин сайд сар орчим хугацааны өмнө Вашингтоноос Москвад ирээд буцаагүй байгаа.

Тэгвэл Оросын тал Мосвка дахь АНУ-ын элчин сайд Жон Салливанд мөн ингэхийг санал болгожээ.

АНУ-ын төрийн департмент өчигдөр гаргасан мэдэгдэлдээ Оросын хариу арга хэмжээнд харамсаж байгаагаа илэрхийлээд “Зөрчлийг улам хурцатгах цуврал алхам хийх нь манай сонирхол биш. Бид зөвхөн Оросын талын буруу үйлдэлд хариуг нь өгсөн” гэсэн байна.

Дипломатчдыг хөөснөөс гадна Оросын эсрэг үзлийг дэвэргэж байгаа Вашингтоны өндөр албан тушаалтнуудад визний хориг тавьж байгаагаа Москвагийн эрх баригчид өчигдөр зарлажээ.

Тодруулбал Холбооны Мөрдөх Товчооны захирал, Үндэсний Тагнуулын Газрын захирал, ерөнхий прокурор, дотоод хэргийн яамны сайд зэрэг АНУ-ын засаг захиргааны хэд хэдэн өндөр албан тушаалтныг ОХУ-ын нутаг дэвсгэрт хөл тавихыг хориглосон юм.

 Мөн ОХУ-д үйл ажиллагаа явуулж буй АНУ-ын сангууд, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг хориглохоор болжээ.

Хэдийгээр хориг арга хэмжээ зарласан ч АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй биечлэн уулзаж, хоёр орны харилцааг тогтворжуулах алхам хийхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн юм.

Харин ОХУ-ын гадаад хэргийн яам Путин-Байдены дээд хэмжээний уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахад хүндрэлтэй байгааг өчигдөр мэдэгджээ.

 

Эх сурвалж: Reuters