Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

Бразилын Рио де Жанейро хотод зургаан сар дараалан нас баралтын тоо шинэ төрөлтийн тооноосоо давжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Бразил улсын хоёр дахь том хот Рио де Жанейрод сүүлийн зургаан сар дараалан нас барсан хүний тоо нь шинээр төрсөн хүүхдийн тооноос давжээ.

Гуравдугаар сард тус хотод 36,437 хүн нас барж, 32,060 хүүхэд мэндэлсэн тухай Бразилын засгийн газрын статистик тоо баримтад өгүүлсэн байна.

Ижил хугацаанд Бразилын 500,000-аас дээш оршин суугчтай өөр 10 хотод мөн ийм үзүүлэлт ажиглагджээ.

Нас баралтын хэдэн хувь Covid-19 өвчний хүндрэлээс болсныг мэдээлээгүй байна. Гэхдээ Бразил улс нь коронавирусийн халдвараар нас барсан хүний тоогоор дэлхийд АНУ-ын дараа хоёрдугаарт бичигдэж байгаа.

Энэ долоо хоногийн Мягмар гарагийн байдлаар Бразилд 358,000 гаруй хүн Covid-19 өвчний хүндрэлээр нас баржээ. Дөрөвдүгээр сарын 6-ны өдөр тус улсад анх удаа 4,000-аас дээш тооны хүн 24 цагийн дотор коронавирусийн халдварын улмаас нас барсан юм.

Бразилын ихэнх хотуудын эрчимт эмчилгээний тасгууд 90-ээс дээш хувийн ачаалалтай байна. Тус улсын нийт эмнэлгүүдийн 70 хувь нь хүчилтөрөгчийн нөөцгүй болоход ойрхон байгааг Associated Press агентлаг Ням гарагт мэдээлжээ.

Бразилын ерөнхийлөгч Жайр Болсонару коронавирусийн цар тахлын хор хөнөөлийг үгүйсгэдгээрээ алдартай улс төрч юм. Өнгөрсөн долоо хоногт тэр өөрийг нь “геноцид үйлдэгч” гэж нэрлэснийг эсэргүүцсэн мэдэгдэл хийж байв.

“Намайг зарим хүмүүс арьс өнгөний үзэлтэн, фашист, яргачин гэж нэрлэж байсан. Харин одоо хүмүүсийг бөөнөөр устгагч буюу геноцид үйлдэгч гэж нэрлэж байна” гэж тэр гомдолложээ.

Бразил улс 211 сая хүн амаа вакцинжуулах ажлыг эхлүүлсэн ч явц удаан байгаа.

Лхагва гарагийн байдлаар 32 сая тун вакциныг хүн амынхаа дархлаажуулалтад зарцуулаад байгааг тус улсын G1 Globo сонин мэдээлжээ.

Болсонару өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Pfizer/BioNTech вакциныг “тариулсан хүнээ матар болгон хувиргадаг” гэж хэлж байсан юм.

Тус улс хүн амын дархлаажуулалтдаа зөвхөн AstraZeneca вакцин хэрэглэхээр төлөвлөж байсан ч нийлүүлэлт удааширсантай холбоотойгоор Хятадын Sinovac үйлдвэрийн вакциныг нэмэлтээр захиалжээ.

 

Эх сурвалж: Business Insider