Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

Жо Байдены засаг захиргаа ОХУ-ын эсрэг шинэ хориг зарлаж, дипломатчдыг нь хөөлөө

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа кибер халдлага, сонгуулийн үр дүнд нөлөөлөх оролдлогынх нь хариуд ОХУ-ын хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүдийн эсрэг эдийн засгийн шинэ хориг зарлаж, 10 дипломатчийг нь нутаг дэвсгэрээсээ хөөжээ.

Тодруулбал 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлөх ажиллагаанд оролцсон 32 хувь хүн, хуулийн этгээд шинэ хоригт багтсан байна. Мөн SolarWinds компанийн системээр дамжин АНУ-ын хувийн компаниуд, төрийн байгууллагуудын сүлжээнд халдсан Оросын кибер аюулгүй байдлын зургаан компанийг хоригтоо багтаажээ.

Эдгээрээс гадна Оросын төв банк болон бусад санхүүгийн байгууллагаас шинээр гаргасан рублийн бондыг худалдаж авахыг Америкийн компаниудад хориглосон байна.

Хориг зарлах үеэрээ Жо Байден Америк-Оросын харилцааг тогтворжуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэхийн хажуугаар Украины хилийн ойролцоо цэргийн ажиллагаа явуулахаа зогсоохыг Москвагийн эрх баригчдад анхааруулжээ.

“Би ерөнхийлөгч Путинд цаашид хамтран ажиллах хүсэлтэйгээ тодорхой хэлсэн. Гэхдээ би тэнцвэртэй харилцааг чухалчилж байна. ОХУ-тай зөрчил тэмцлээ гүнзгийрүүлэх сонирхол АНУ-д байхгүй” гэж Жо Байден мэдэгдсэн байна.

Тэрбээр Владимир Путинтэй энэ оны зун уулзах санал тавьсан, туслахууд нь уулзалтыг төлөвлөж эхэлснийг энэ үеэр баталжээ.

“Урт хугацааны турш өрсөлдөгчид байсан манай хоёр улс зөрчил хямралаа зохицуулж чадсаар ирсэн түүхтэй. Бидний нүүр тулсан уулзалт хоёр орны харилцааг илүү үр дүнтэй болгоход зайлшгүй хэрэгтэй гэж би бодож байна” гэж Байден хэлсэн юм.

АНУ-ын авсан арга хэмжээтэй зэрэгцэн Их Британи улс мөн Лондон дахь ОХУ-ын элчин сайдын яаманд эсэргүүцлийн нот бичиг гардуулжээ. Тус улс Оросын кибер халдлагад мөн өртөж байсан юм.

ОХУ-ын гадаад хэргийн яам өчигдөр Москва дахь АНУ-ын элчин сайдад эсэргүүцэл илэрхийлж, ижил төстэй хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна.

Өнгөрсөн сард Жо Байдены засаг захиргаа сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг хордуулж, шоронд хорьсонтой холбогдуулан ОХУ-ын эсрэг хориг зарлаж байв. Уг хоригийн хүрээнд химийн болон биологийн зэвсэг бүтээхэд ашигладаг бараа бүтээгдэхүүнд экспортын хориг тавьж, Оросын засгийн газрын долоон албан тушаалтныг хилээрээ нэвтрүүлэхийг хориглож байжээ.

 

Эх сурвалж: The Guardian