Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Үндсэн Хуулийн Цэц улстөржих ёсгүйг сануулан, шударга ёс нэхсэн иргэдийг Цэц рүү нэвтрүүлсэнгүй

A.Жаргал
2021 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Маргааш буюу дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Үндсэн хуулийн дунд суудлын хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хэлэлцэхээр төлөвлөсөн.

Энэ хуралдаанаар одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхтэй эсэх маргааныг хараат бусаар ҮХЦ шийдвэрлэж чадах уу гэдэг асуудал эргэлзээ дагуулж байгаа бөгөөд ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаяр хуулийн будилаан, маргаан үүсгэхэд манлайлан оролцсон гэдэг шүүмжлэл өрнөөд байгаа юм.

Тиймээс иргэдийн төлөөлөл энэ асуудлаар өөрсдийн байр сууриа илэрхийлж, ҮХЦ-ийн дарга Н.Чинбатад шаардлагаа хүргүүлэхээр ҮХЦ-ийн гадна, халдвар хамгааллын дэглэмээ баримтлан очсон ч шаардлага бичгийг нь ҮХЦ хүлээж аваагүйгээр барахгүй ҮХЦ-рүү хэвлэл мэдээллийнхэн болон иргэдийг нэвтрүүлэхгүй байхаар хамгаалалт гарсан байв.

Шаардлага бүхий бичигт:

“Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаяр нь 2019 оны аравдугаар сарын 31-ний өдөр БНСУ-д онгоцны үйлчлэгчийн биед зүй бусаар халдан, бэлгийн дарамт учруулсан гэх хэргээ БНСУ-ын хуулиар хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлага хүлээсэн. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц, ялангуяа Н.Чинбат та холбогдох хуулийн 5 дугаар зүйлийн 3-т заасны дагуу Д.Одбаярыг эгүүлэн таталгүй, өөрөө оронд нь дарга болсон төдийгөөр хариуцлагаас бултууллаа.  

Гэмтнийг хамгаалж суусны тань үр дагавар гарч, Д.Одбаяр нь Монгол улсын Үндсэн хуулийн Цэцийн  тухай хуулийн “цэц маргаан хянан шийдвэрлэхдээ хуралдааныг хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд илээр, шууд, тасралтгүй явуулах” гэсэн гол зарчмыг илтэд зөрчиж, цэцийн явагдсан хуралдааны шийдвэрт гарын үсэг зуралгүй дахин гэмт хэрэг үйлдлээ.

Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн Цэцийн түүхэнд бага суудлын хуралдаанаа хаяад дунд суудлын хуралдаанаа шууд зарласан илт түрэмгий, улстөржсөн, увайгүй үйлдэл анх удаа таны үед гарлаа. Үндсэн хуульт ёс таны үед ганхлаа. Үндсэн хууль үлгэрлэн хамгаалах ёстой институт өөрөө Үндсэн хуулийг самууруулах нь тэвчимгүй”

хэмээн дурдаад   

  1. Цэцийн гишүүн Д.Одбаярыг эгүүлэн татах асуудлаар цэцийн шийдвэр нэн даруй гаргах
  2. Цэцийг улстөржүүлсэн асуудлаар Монголын ард түмэнд хандаж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр уучлалт гуйхыг тус тус шаардаж байна

гэдгээ илэрхийлжээ.

Дээрх дурдсан агуулга бүхий шаардлагыг цугласан иргэд ҮХЦ-ийн дарга Н.Чинбатад хүргүүлж, үзэл бодлоо илэрхийлэх зорилготой байсан ч ХУД-ийн 11 дүгээр хороо ХААИС-ийн уулзвараас ҮХЦ рүү нэвтрэх хэсгийг хааж, үйл явдлыг сурвалжлах гэсэн хэвлэлийнхэн болон бусад иргэдийн нэвтрүүлсэнгүй. Хачирхалтай нь, цагдаагийнхан яагаад энэ хэсгийг онцолж, тусгайлан иргэдийн хөдөлгөөнийг хорьж, хэвлэн нийтлэх сэтгүүлчдийн зүй ёсны эрхэд халдаж байгаа талаараа тайлбар өгч чадсангүй. Тиймээс ҮХЦ-ийг хамгаалсан хамгаалалт байв уу гэдэг хардлагыг дагуулав.

Цагдаагийнхны гэнэтийн хэсэгчилсэн энэ хөдөлгөөний хязгаарлалт зөвхөн орох иргэдийн хөдөлгөөнд үйлчилж байсан бөгөөд гарах гэсэн явган зорчигчид нээлттэй байлаа.

Гэрээсээ гарч эмийн сан, хүнсний дэлгүүр орох гэсэн иргэдийг мөн давхар хорьж ойлгомжгүй байдал үүсгэв. Ийнхүү хамгаалтад гарсан цагдаа нар хэвлэлийнхнийг ҮХЦ рүү нэвтрүүлэхгүй зам дээр хашиж байх зуур шаардлагаа хүргүүлэх гээд чадаагүй ирж, юу болсон талаар мэдээлэл өгсөн юм.  

ХУД-ийн 11-р хороо, ХААИС-ийн уулзварын гэнэтийн хөдөлгөөний хязгаарлалт ч бууж, хашигдсан иргэд ч гэртээ орох эрхтэй болсны дараагаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн Төвийн дарга Б.Баатархүү ирж, хөдөлгөөн хаасан зүйл байхгүй, хэвийн үргэлжилж байгаа гэж мэдээлэл өгснөөр хэрэг явдал өндөрлөлөө.

Өнөөдрийн энэ үйл явдлаас  цар тахлаар далимдуулж, эрх баригчдад таалагдахгүй байр суурийг нухчин дарах, хөдөлгөөнийг дур зоргоор хаах, цагдаа нарыг улстөрийн үйл хэрэгтээ татан оролцуулж байгаа дүр зураг харагдаж байлаа.