Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Бумдэлгэр: Тандалтын багийн эмч нараа тусгаарлах байр хайж байгаа. Тусламж одоо л хэрэгтэй байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цар тахлын эсрэг тэмцэж буй тандалтын багийн ажилчдыг тусгаарлах байр хэрэгтэй байгаа тухай ЭМЯ-ны Судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бумдэлгэр хэллээ.

Тэрбээр "Саяхнаас хөл хорионд шилжсэнээр халдварын тархалт хязгаарлагдах тодорхой нөхцөл бүрдлээ. Гэвч сүүлийн үед батлагдсан тохиолдлын тоо ихсэж байгаа тул тандалтын багийн хүчин чадлыг нэмэх шаардлага үүссэн.

Учир нь ойрын хавьтлуудаас шинжилгээ авч батлагдсан тохиолдлуудын биеийн байдлыг үнэлэхэд эмнэлгийн ажилчдын нөөц хүрэлцэхгүй байгаа. Тиймээс УОК-оос тандалтын багийн хүчин чадлыг нэмэхээр 48 машиныг жолоочтой нь шийдэж өгсөн. 

Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн хөгжлийн төв, ЭМЯ-наас Монгол Улсад нийт суралцаж буй резидент эмч нарыг энэ үйл ажиллагаанд дайчлах шийдвэр гаргасан. Өнөөдрийн байдлаар нийт 300 гаруй резидент эмч хариу арга хэмжээнээс эхлээд бүх ажилд дайчлагдан ажиллаж байна.

Гэвч тандалт дээр ажиллаж буй буюу яг халдвартай хүнтэй харьцаж буй эмч нар маань хэдий зориулалтын хувцас өмсөж байгаа ч өөрсдөө халдвар авах эрсдэл маш өндөр бий.

Энэ үүднээс сүүлийн үед дайчлагдан ажиллаж буй резидент эмч нарын зүгээс дайчлагдах хугацаандаа гэртээ очилгүйгээр өөрсдөө тусгаарлагдах санал тавьсан. Халдварын нөхцөл байдал хүнд ийм үед эмч нар маань өргөсөн тангарагтаа үнэнчээр ажилласаар байна.

Тиймээс тухайн саналыг үндэслэн тандалтын багийн эмч нараа тусгаарлах байрыг хайж байна. Одоогоор хэд, хэдэн байгууллагад хандсан ч хариу өгөөгүй л байгаа.

Үүнд нэг зүйлийг хүсэхэд, улс орон цар тахлын улмаас эдийн засгийн хүнд нөхцөлд байгаа энэ үед УОК болон ЭМЯ-наас эмч нараа тусгаарлах байрны санхүүжилтийн асуудлыг хөөцөлдөж буй.

Гэсэн ч тодорхой байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд туслах боломжтой бол эрүүл мэндийн байгууллагад тусгаарлалтын байр, орон сууцын тусламж одоо л хэрэгтэй байна.

Тиймээс аж ахуйн нэгжүүд бололцоотой бол резидент эмч нарыг тусгаарлах байр орон сууцаар туслахыг уриалж байна" гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/2658269501130173