Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудад КОВИД-19 халдварын шинж тэмдэг илэрвэл түргэвчилсэн оношлуураар шинжилнэ"

Г.Номин, iKon.mn
2021 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Коронавирус илрүүлэх түргэвчилсэн тест /Гэрэл зургийг Mpa.mn/

ЭМЯ-ны Судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга н.Бумдэлгэр коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний ажлыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Халдвар нэмэгдэхийн хэрээр шинжилгээний ачаалал нэмэгдэж байгаа. Дүүргүүдийн сорьц цуглуулах цэгүүд дээр шинжилгээний цаг дууссан, хэд хоног хүлээж байж шинжилгээ өгөхөөр байна. Гэтэл халдвар хүн амын дунд тархчихсан байгаа одоогийн нөхцөлд хүн бүрээс шинжилгээ авах тактик маань учир дутагдалтай гэж үзсэн. 

Шинжилгээний үйл явц хэд хэдэн шат дамжлагатай. Лабораторид 5 сорьцыг нэг дор төхөөрөмжид хийж байгаа. Хариу сөрөг гарвал тавуулаа сөрөг гэсэн үг. Харин эерэг гарвал нэг нэгээр задалж дахин шинжлээд халдвартай сорьцыг тодруулдаг. Энэ үйл явц нэлээд хугацаа шаардагдана. 

Тиймээс зайлшгүй шаардлагатай биш бол шинжилгээ битгий өгөөч ээ гэж байгаа юм. Үүнээс болоод шинжилгээний хариу гарах хугацаа удаашраад байна. Хариу удаж байх хооронд халдвартай хүмүүс халдвар тараагаад л явж байдаг. Тиймээс аль болох эрсдэлт бүлгийнхэн буюу хавьтлуудаас шинжилгээ авах тактик барьж байна. 

Иргэд маань шууд л PCR шинжилгээ хийлгэе гэхээсээ илүү коронавируст халдварын эмнэл зүйн шинж тэмдэг илэрч байна уу гэдгээр нь өөрийгөө үнэлэх хэрэгтэй. 

Халдвартай нь батлагдсан хүнийг гэрээс нь очиж авахдаа гэр бүлийн гишүүдийг нь үлдээх үү, халдвар авсан тохиолдолд биеийн байдлыг нь хэрхэн үнэлэх вэ гэдэг дээр шинэ стратеги гаргахаар ХӨСҮТ, НЭМГ гээд мэргэжлийн байгууллагууд ажилсан. Батлагдсан тохиолдлын гэрээр очоод гэр бүлийн хүн халдвар авсан эсэхийг тогтоохын тулд эхлээд шинж тэмдгийг нь ажиглая, ингээд шинж тэмдэг илэрч байвал түргэвчилсэн оношлуураар оношлох стратегийн өөрчлөлт хийх гэж байна. 

Халдвартай нь батлагдсан хүний ойрын хавьталд шинж тэмдэг илэрсэн бол түргэвчилсэн оношлуураар оношлоод эерэг гарвал батлагдсан өвчтөнтэй цуг эмнэлэг рүү хүргэнэ. Гэхдээ тухайн хүний биеийн суурь үнэлгээг хийх ёстой. Халдвартай нь батлагдсан хүн хөнгөн хэлбэрээр өвчилсөн бол гэрт нь үлдээж байгаа. Тухайн хүний гэр бүлийнхэн хэсэг хугацааны дараа халдвар авах нь тодорхой, мөн хөнгөн байсан өвчтөн хүндрээд эмнэлэгт ирэх тохиолдол гарч байна. Тиймээс стратегийг өөрчилж хүндрэх магадлалтай хүмүүсийг эмнэлэгт хүргэхээр болж байгаа. 

Сүүлийн үед түргэвчилсэн оношлуурууд маш олноороо үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд үнийн хувьд бас хямд. Засгийн газрын зүгээс мэдрэг чанар өндөртэй түргэвчилсэн оношлуур олох, нийлүүлэх ажил дээр эрчимтэй ажиллаж байгаа" хэмээн ярилаа.

ВИДЕО ҮЗЭХ: /2021.04.15/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/2658269501130173