Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19-өөр эмчлүүлж байсан гурван хүн эндэж, халдвар аваад нас барсан хүний тоо 37 болов

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдвар авсан гурван хүн нас барсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн хоногт коронавирусийн халдвар авсан гурван хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Үүнээс хоёр хүн нь коронавируст халдварын шалтгаанаар нас барсан бол нэг нь хавсарсан өвчний улмаас нас баржээ.

Тодруулбал, гуравдугаар сарын 18-ны өдөр гадаадаас ирсэн 69 настай эмэгтэйн шинжилгээний хариу гуравдугаар сарын 28-ны өдөр эерэг гарч, Цэргийн төв эмнэлэгт эмчлэгдэж байгаад хүндэрч нас барсан. Мөн 72 настай эрэгтэйн хувьд гуравдугаар сарын 18-нд халдвар авсан нь батлагдаж, ХӨСҮТ-д эмчлүүлж байсан юм.

Бусад шалтгаант нас баралт бүртгэгдсэн нь коронавирусийн халдвар авсан онош нь батлагдсан ч бөөрний архаг дутагдлын хүнд хэлбэрийн улмаас СБД-ийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан мэдээллийг холбогдох албаны хүмүүс өглөө.

Өнөөдрийн байдлаар 2,978 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-2,071
  • Хүндэвтэр-689
  • Хүнд-173
  • Маш хүнд-45 хүн байгаа юм. Өдөр ирэх тусам хөнгөн өвчтөнүүдийн тоо буурч, хүнд болон маш хүнд шат руу шилжиж байна" гэв.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавируст халдвар аваад нас барсан хүний тоо 37 болоод байна. Үүнээс 31 хүнийг коронавируст халдварын улмаас хүндэрч нас барсан гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаа бол 6 хүнийг бусад хавсарсан өвчний улмаас нас барсан хэмээн үзэж байгаа юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/2658269501130173