Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Японд газар хөдлөлтийн улмаас зогссон цаг 10 жилийн дараа өөрөө ажиллаж эхэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг

2011 оны гуравдугаар сард Фүкүшимад болсон газар хөдлөлтийн үеэр нутгийн Бүддийн шашны сүмд байсан 100 жилийн настай цаг эвдэрч, зогссон юм байна.

Харин уг гамшгаас 10 жилийн дараа мөн газар хөдөлсний дараа уг цаг өөрөө ажиллаж эхэлжээ.

Сүмийн хамба лам Буншун Сакано газар хөдлөлтийн дараа сүмийн нурангин дороос гаргасан цагаа ажиллуулах гэж оролдоод чадаагүй юм байна.

Энэ оны хоёрдугаар сарын 13-ны өдөр бага хэмжээний газар хөдөлсний дараа уг цаг өөрөө ажиллаж эхэлсэн бөгөөд хоёр сар тасралтгүй ажиллаж байгааг Сакано ярьжээ.

80 см диаметртэй Сэйко компанийн үйлдвэрлэсэн ханын цаг 100 жилийн настай бөгөөд 2011 оны гамшгаас хэдэн жилийн өмнө Сакано лам Фүкүшимагийн эртний эдлэлийн дэлгүүрээс худалдаж авч байсан гэнэ.

Сэйко компанийн төлөөлөгч чичиргээний улмаас цагны эд ангиудад тогтсон тоос унаж, гацаа арилсан нь ажиллаж эхлэхэд нөлөөлсөн байж магадгүй гэж тайлбарлажээ.

Олон жил зогссон цаг өөрөө ажиллаж эхэлсэн нь шинэ зорилготой амьдарч эхлэх урам зориг өгч байгааг Сакано ламтан хэвлэлд ярьсан байна.

 

Эх сурвалж: BBC