Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн түүхэнд хамгийн том луйврын сүлжээг ажиллуулж байсан этгээд 82 насандаа шоронд таалал төгсжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Нэгэн үе Уолстритийн хамгийн амжилттай санхүүчид тооцогдож байсан ч сүүлд луйврын асар том сүлжээ ажиллуулж байсан нь илэрсэн Бернард Мэдофф шоронд 82 насандаа таалал төгссөнийг өчигдөр албаны эх сурвалжууд мэдээлжээ.

Тэрбээр дэлхийн түүхэнд одоогоор мэдэгдэж байгаа хамгийн том Понци сүлжээг бий болгож, хүмүүсийг луйвардсаныхаа төлөө 150 жил шоронд хоригдох ял эдэлж байсан юм.

Мэдофф бөөрний эдгэршгүй өвчтэй байсан нь түүний үхэлд нөлөөлжээ.

Түүний луйврын сүлжээний учруулсан хохирлын хэмжээ $64.8 тэрбумд хүрсэн гэдэг. 

2008 оны санхүүгийн хямралын үеэр хөрөнгө оруулагчид Мэдоффоос мөнгөө нэхснээр луйвар нь илэрч, 2009 оны зургаадугаар сард шүүхээс ял сонсож байв.

Тэрбээр шинээр элссэн хөрөнгө оруулагчдын мөнгийг өмнөх хөрөнгө оруулагчдад ашиг болгон өгдөг байжээ. Мэдоффын хохирогчдын дотор жирийн хүмүүсээс эхлээд томоохон сангууд хүртэл багтаж байв.

Холливүүдийн жүжигчид болох Кэвин Бэкон, Кайра Сэджвик, Жон Малкович нар түүний хохирогчид юм. Найруулагч Стивен Спилбэргийн холбоотой буяны сан хүртэл хохирогч болж байжээ.

Үүсгэн байгуулсан сан нь $15.2 саяыг алдсан Нобелийн энх тайвны шагналт Эли Уизел “Бид түүнийг бурхан гэж боддог байсан. Бид түүнд бүрэн итгэл хүлээлгэсэн” гэж 2009 онд ярьж байв.

АНУ-ын Үнэт Цаас, Арилжааны хороо хөрөнгийн зах зээлийн зохицуулалтад байсан алдаа цоорхойгоо Мэдоффоос мэдэж авсан гэдэг.

1990-ээд оны эхнээс эхэлсэн Медоффын сүлжээ хөрөнгө оруулагчдадаа жил бүр хоёр оронтой тооны хэмжээтэй хувийн өсөлт амлаж байжээ.

Луйвраас олсон $825 сая орчим мөнгөөр Мэдофф гэргийн хамт Манхэттэнд тансаг пэнтхауз, Францад харш, үнэтэй автомашин, завь худалдаж авсан байна.

“Анх эхэлж байхдаа энэ бүхнийг зохицуулж чадна гэдэгтээ би итгэлтэй байсан. Гэвч цааш хичээх тусам би улам бүр гүн нүхэнд шигдэж байлаа” гэж Мэдофф шүүх хурлын үеэр мэдүүлж байжээ.

Тэрбээр энэ үеэр хохирогчдодоо “Намайг уучлаарай. Би та нарыг луйвардаж байгаагаа мэдэж байсан” гэж хэлсэн гэдэг.

 

Эх сурвалж: Reuters