Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

AstraZeneca вакциныг дархлаажуулалтын хөтөлбөрөөсөө хассан анхны улс Дани боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Дани улсын засгийн газар Британи-Шведийн AstraZeneca компани, Оксфордын их сургуулийн хамтран бүтээсэн коронавриусийн эсрэг вакциныг дархлаажуулалтын хөтөлбөрөөсөө бүрмөсөн хасаж байгааг зарлажээ.

Уг вакциныг цусны бүлэгнэл үүсгэх эрсдэлтэй гэж үзээд ийм шийдвэр гаргасан байна.

Ингэснээр Дани улсын дархлаажуулалтын хөтөлбөр олон хоногоор саатах нь тодорхой болжээ. Өнгөрсөн долоо хоногт Европын эрүүл мэндийн зохицуулах байгууллага EMA дээрх вакцины үүсгэдэг цусны бүлэгнэлийн эрсдэл нь Covid-19 өвчнөөр нас барах эрсдлээс хамаагүй бага тул дархлаажуулалтад ашиглах боломжтой гэж дүгнэсэн юм.

Энэ дүгнэлтийн дараа Европын ихэнх орнууд AstraZeneca вакциныг үргэлжлүүлэн ашиглаж эхэлсэн ч тариулах хүмүүст насны хязгаар тавих болсон байна.

Мягмар гарагт АНУ, Канад, Өмнөд Африк, Европын Холбоо мөн адил цусны бүлэгнэл үүсгэдэг байж болзошгүй шалтгаанаар Johnson & Johnson компанийн вакциныг түдгэлзүүлсэн юм.

Хоёр вакцин хоёул аденовирусийн аргаар бүтээгдсэн вакцинууд.

Дани улсын эрх баригчид дархлаажуулалтын төвүүдэдээ тараасан 2.4 сая AstraZeneca вакциныг буцааж татахаар болжээ.

AstraZeneca вакцин тариулсан 40,000 хүн тутамд нэг цусны бүлэгнэлийн тохиолдол бүртгэгдэхээр байгааг тус улсын эрүүл мэндийн зохицуулах байгууллага тооцоолжээ. Үүнийг зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр гэж үзээд түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан байна.

Дани улсад вакцины дараах цусны бүлэгнэлийн хоёр тохиолдол бүртгэгдсэн юм. Тэдгээрийн нэг болох 60 настай эмэгтэй нас барсан байна.

Коронавирусийн тархалтыг хянаж чадаж байгаа, бусад вакцины нөөц байгаа тул AstraZeneca вакцинаас татгалзах боломжтойг Дани улсын албаны эх сурвалж мэдээлжээ.

Сүүлийн байдлаар тус улсын нэг сая орчим иргэн вакцинжуулалтад хамрагдаад байгаагийн 150,000 орчим нь AstraZeneca вакциныг тариулсан байна. Бусад нь Pfizer болон Moderna компаниудын бүтээсэн вакциныг тариулжээ.

Дани улс буцааж татсан AstraZeneca вакцинаа хэрхэх талаар шийдвэр гаргаагүй байна.

 

Эх сурвалж: BBC