Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүртээмжтэй санхүү"-гийн шинэ дугаар хэвлэлтээс гарлаа

ikon.mn
2021 оны 4 сарын 14
iKon.MN
 

Санхүүгийн зохицуулах хорооноос сар бүр эрхлэн гаргадаг “Хүртээмжтэй санхүү” сэтгүүлийн шинэ дугаар уншигчдын гар дээр очлоо. Энэ дугаарт зөвхөн санхүүгийн салбарынхан гэж онцлолгүй хүн бүрд уншууртай, цаг үеийн мэдээ, мэдээлэл нийтлэгдсэн.

Энэ удаагийн “Бодлогын нийтлэл” булангаас хадгаламж, зээлийн хоршоо /ХЗХ/-ны онцлог, эдийн засагт гүйцэтгэх үүргийн талаар мэдээлэл авах болно. Олон улсад ХЗХ-г ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, орон нутгийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмрээ оруулдаг бичил санхүүгийн салбар гэдгийг хэдийнэ хүлээн зөвшөөрсөн. Иймээс ч  аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх, иргэдээ хуримтлалтай болохыг дэмжих, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд татвар ногдуулах хадгаламжийн доод хэмжээг бодит нөхцөл байдалтай уялдуулан тогтоох, ажлын байрыг түрээсгүйгээр эзэмшүүлж дэмжих, нийгмийн чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зэрэг туршлагууд байдаг. Мөн “Байр суурь” буланд Санхүүгийн зохицуулах хорооны Хадгаламж, зээлийн хоршооны газрын дарга Ц.Алтантуултай хийсэн ярилцлагыг уншихыг зөвлөж байна. Ярилцлагад ХЗХ-ны зах зээлийн эдийн засагт гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх нь ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой талаар хөндсөн. Тухайлбал, ХЗХ бол санхүүгийн зах зээлийн салшгүй хэсэг тул бусад зах зээлийн адил тогтвортой хөгжиж эдийн засагт хувь нэмрээ оруулах ёстой. Засгийн газрын 2017 оны 299 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-т ХЗХ-ны зах зээлийн хөгжлийн талаар тусгайлан зорилт дэвшүүлсэн. ХЗХ-ны өвөрмөц онцлогийг харгалзан орон нутагт илүүтэйгээр хөгжүүлэх, хамгаалалтын механизмуудыг бий болгох, мэргэжлийн санхүүгийн байгууллага болгон хөгжүүлэх бодлогын үр дүнд бичил санхүүгийн сар хүртээмж, зах зээлд оролцогчдын сахилга бат сайжирч, эдийн засагт гүйцэтгэх үүрэг нь 2-3 дахин нэмэгдсэн байхаар тодорхойлоод холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.

“Тайлбар ба зөвлөмж” буланд биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журмын талаар, “Финтек ба регтек” булангаас криптовалютын зохицуулалтын олон улсын туршлагын тухай танилцах боломжтой. Криптовалют нь хэрэглэгчийг нэрээ нууцлан гүйлгээ хийх боломжийг олгодгоороо мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх /МУТС/ эрсдэл үүсгэж болзошгүй билээ. Иймээс зарим улс, орон мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх /МУТСТ/ тухай хууль, эрх зүйн актууддаа нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгах байдлаар криптовалютын үйл ажиллагааг зохицуулдаг.

Тогтвортой санхүүжилтэд ямар шалгуур үзүүлэлт тавигдаж байгаа мөн Та энэ зээлд хамрагдаж, санхүүжилтийн өртгөө бууруулах боломжтой эсэх талаарх цогц мэдээллийг “Тогтвортой санхүүжилт” булангаас сонирхоорой. Харин Австралийн санхүүгийн зах зээлийн реформын талаар “Судлаачийн индэр” булангаас унших боломжтой. Австрали улсын төрийн салбар, төрийн өмчит байгууллагын хувьчлал, түүнийг хийх болсон шалтгаан, үр дүн, харилцаа холбоо, төмөр зам, цахилгаан гэх мэт салбарт хийгдсэн дэд бүтцийн өөрчлөлтүүд, арга хэмжээ, өнгөрсөн болон одоо үеийн хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалт, 1970-2016 оны хоорондох мөнгөний болон сангийн бодлого, санхүүгийн зах зээлийн зохицуулалтын орчин, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт хийгдсэн реформ, олон улс дахь амжилттай хэрэгжүүлсэн татварын зохицуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах болно.

Эдийн засагч, санхүүчид, санхүүгийн зах зээлд оролцогчид, энэ салбарыг сонирхогч, олон нийт тогтмол сонирхдог олон улсын зах зээлийн мэдээ болон бүс нутгийн хэтийн төлөв, олон улсын хөрөнгийн зах зээлийн индекс зэрэг тоон мэдээлэл ч шинэчлэгдэн гарлаа. Иймд, “Хүртээмжтэй санхүү” сэтгүүлийн шинэ дугаараас хэрэгтэй мэдээ, мэдээллээ авахыг зөвлөж байна.

Жич: “Хүртээмжтэй санхүү” сэтгүүлийн шинэ дугаартай энд дарж танилцана уу.  

 

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо