Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Японы хөрш улсууд Фүкүшимагийн хордсон усыг далайд асгах шийдвэрийг эсэргүүцэв

Т.Давааням, ikon.mn
2021 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Сөүл хотод болсон эсэргүүцлийн арга хэмжээний үеэр

Өчигдөр Япон улсын засгийн газар Фүкүшимагийн атомын цахилгаан станцыг ослоос сэргийлэхэд ашигласан нэг сая гаруй тонн усыг далайд асгах шийдвэр гаргасан билээ.

Цацраг идэвхит бодисоор хордсон усыг шүүж, шингэрүүлсний дараа урт хугацааны турш Номхон далайн усанд асгах төлөвлөгөөг Япон улсын эрх баригчид танилцуулсан юм. 

Уг шийдвэрийг зарласны дараа Японы хөрш Хятад, Өмнөд Солонгос, Тайвань улсууд хүчтэй эсэргүүцэл илэрхийлцгээжээ.

Тухайлбал Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Зао Лижян цацраг идэвхит усыг хөрш орнууд болон Олон Улсын Атомын Эрчим Хүчний Агентлаг IAEA-тай зөвшилцөлгүйгээр далайд асгахгүй байхыг Японы засгийн газарт уриалсан байна.

“Хятад улс цаашид шаардлагатай хариу арга хэмжээнүүдийг авах болно” гэж Зао Лижян мэдэгджээ.

Өмнөд Солонгосын гадаад хэргийн яам өчигдөр Сөүл дэхь Япон улсын элчин сайд Койчи Айбошид эсэргүүцлийн нот бичиг гардуулсан байна.

Үүнээс өмнө тус улсын бодлого зохицуулалтын яамны сайд Ко Юн Чол “Газар зүйн хувьд хамгийн ойр хөрш болох Өмнөд Солонгос улстай санал солилцохгүйгээр ийм шийдвэр гаргаж буйг хатуу эсэргүүцэж байна. Манай засгийн газар ард иргэдийнхээ эрүүл мэндэд аюултай ямар ч үйлдлийг тэвчихгүй” гэж мэдэгдсэн юм.

Өчигдөр Токиогийн эрх баригчдаас шийдвэрээ цуцлахыг шаардсан олон нийтийн эсэргүүцлийн арга хэмжээ Сөүл хотод зохион байгуулагджээ.

Тайвань улсын Атомын Эрчим Хүчний Зөвлөл өчигдөр Японы засгийн газрын шийдвэрт харамсал илэрхийлж, улс төрчид нь эсэргүүцэл илэрхийлцгээсэн байна.

Тус улсын гадаад хэргийн яам цацраг идэвхит бодист хордсон усны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг Японы засгийн газарт уриалжээ.

2011 онд тохиолдсон газар хөдлөлт, цүнамигийн гамшгийн улмаас Фүкүшимагийн атомын цахилгаан станцад осол гарч, цөмийн реакторыг нь хөргөхөд их хэмжээний ус ашигласан юм.

Хөргөлтөд ашигласан усыг тусгай саванд хадгалж байгаа бөгөөд цаашид яах тухай асуудал олон жил яригдаж байв.

Хятад, Өмнөд Солонгос, Тайвань улсууд дээрх ослын дараа далайн гаралтай зарим хүнсийг Японоос импортлоход хориг тавьж байжээ. Өчигдөр гаргасан шийдвэр уг хоригийн үргэлжлэх хугацааг сунгах нь тодорхой байна.

Япон улсын гол холбоотон АНУ-ын засаг захиргаа хордсон усыг далайд асгах шийдвэрийг ойлгон хүлээж авч байгаагаа мэдэгджээ.

“Фүкүшима Даиичи станцын хөргөлтөд ашигласан усыг далайд асгах шийдвэрийг гаргахдаа ил тод, нээлттэй ажилласан Япон улсын засгийн газарт бид талархаж байна” гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен твиттер хуудсандаа бичсэн байна. Төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ Олон Улсын Атомын Эрчим Хүчний Агентлагтай хамтран ажиллана гэдэгт АНУ-ын засаг захиргаа найдаж байгааг тэр бас илэрхийлсэн юм.

Гадаад улс орнуудаас гадна Японы загас агнуурын салбарынхан засгийн газрынхаа шийдвэрийг эсэргүүцэж байгааг илэрхийлжээ.

Фүкүшимагийн эрэг орчимд үйл ажиллагаа явуулахыг нь олон жил хориглосны эцэст хоригийг цуцлах шийдвэр саяхан гараад байсан юм. Тиймээс загасны аж ахуйнуудын үйл ажиллагаагаа сэргээх найдлага дахин тасрах аюултай тулгарчээ.

Фүкүшима мужийн захирагч Масао Үчибори өчигдөр Япон улсын аж үйлдвэрийн сайд Хироши Кажияматай уулзахдаа засгийн газрын шийдвэрт эргэлзээж байгаагаа мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: Kyodo News