Johnson & Johnson компанийн бүтээсэн коронавирусийн эсрэг вакциныг цусны бүлэгнэлийн эрсдэл үүсгэдэг байж болзошгүй шалтгаанаар дархлаажуулалтын хөтөлбөртөө ашиглахыг түр зогсоож байгааг АНУ-ын эрх баригчид өчигдөр мэдэгджээ.
Өчигдөр бас Европын Холбоо, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс ижил арга хэмжээг авсан байна.
АНУ даяар J&J вакцины 6.8 сая тунг ашиглаад байгаагаас цусны бүлэгнэлийн зургаан тохиолдол бүртгэгджээ. Тэдгээрээс нэг өвчтөн нас барж, бусдынх нь биеийн байдал хүнд байгаа гэнэ.
Бүх зургаан тохиолдол нь 18-48 насны эмэгтэйчүүд бөгөөд вакцин тариулснаас нь хойш 6-13 хоногийн дараа цусны бүлэгнэлийн шинж тэмдэг илэрсэн байна.
Илэрсэн тохиолдлуудыг шалгаж, дүгнэлт гаргах хүртэл J&J вакциныг ашиглахаа түр зогсоохыг АНУ-ын Хүнс, Эмийн хэрэг эрхлэх газар тус улсын мужууд, эрүүл мэндийн байгууллагуудад зөвлөжээ.
Цар тахал эхэлсэн цагаас хойш АНУ-д 31 сая халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 562,000 гаруй хүн нас барсан нь дэлхийд хамгийн өндөрт орох үзүүлэлт юм.
Johnson & Johnson нь АНУ-ын компани бөгөөд коронавирусийн эсрэг вакциныг тус компанийн Бельги улс дахь эм үйлдвэрлэлийн салбар Janssen компанид бүтээжээ.
Дархлаа тогтооход ганц тун хэрэглэдэг, хадгалалтын нөхцөл шаардлага өндөр биш тул дэлхийн олон улс орон уг вакцинаас захиалаад байгаа.
J&J вакцинд АНУ-ын засаг захиргаа хоёрдугаар сарын 27-ны өдөр зөвшөөрөл олгосон. Өнөөдрийн байдлаар Америк даяар тарьсан нийт тунгийн ердөө 3 хувь нь J&J вакцин, бусад нь Pfizer, Moderna компаниудын вакцин байгаа юм.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага нөхцөл байдлыг анхааралдаа авч, АНУ, Европын зохицуулах байгууллагуудын дүгнэлтийг хүлээж байгаагаа мэдэгдсэн байна.
Европын Холбоо J&J вакциныг энэ долоо хоногоос дархлаажуулалтын хөтөлбөртөө ашиглахаар гишүүн улсууддаа түгээж эхэлсэн юм.
Коронавирусийн Өмнөд Африкт илэрсэн мутацлагдсан хувилбарын эсрэг хамгийн сайн дархлаа тогтоож байгаа нь туршилтаар батлагдсан тул уг вакциныг Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс өргөнөөр ашиглаж, эрүүл мэндийн байгууллагын 300,000 ажилтандаа тариад байгаа.
Өмнө нь Британи-Шведийн AstraZeneca компанийн бүтээсэн вакцинтай холбоотой цусны бүлэгнэлийн цөөн тохиолдол Европт илэрч байсан ч эрсдлийг харьцангуй бага гэж үзээд үргэлжлүүлэн ашиглаж байна.
Эх сурвалж: BBC