Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" хөтөлбөрийг санхүүжилтгүйн улмаас зогсоожээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Засгийн газраас 2019 онд “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлж, улсын зардлаар хүүхдүүдийн шүдийг эмчилж эхэлсэн юм.

Ингэхдээ ЭМД-ын сангаас нэг хүүхдэд 60,000 хүртэлх төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлж байв.

Уг хөтөлбөр 2023 он хүртэл хэрэгжинэ. Гэвч хөтөлбөр зогссон байна.

Энэ талаар ЭМДЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийх үеэр тус газрын Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Батчимэг "Засгийн газрын тогтоолоор батлагдсан "Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" хөтөлбөр 2023 он хүртэл хэрэгжинэ.

Харин 2021 онд улсын төсөвт мөнгө тусгаагүй учир дөрөвдүгээр сарын 1-нээс түр зогсоосон. Оны эхний гурван сард үйлчилгээ үзүүлсэн 348 сая төгрөгийг хэрхэн шийдвэрлэх талаар ЭМЯ-тай ярилцсан. Ямар эх үүсвэрээс санхүүжилтийг олгох асуудал хүлээгдэж байгаа. Хөтөлбөрийн дагуу үйлчилгээ үзүүлсэн эмнэлгүүдэд эхний гурван сарын санхүүжилтийг олгоно.

Санхүүжилт шийдэгдэхээр сонгон шалгаруулалт зарлаж, эмнэлгүүдтэй гэрээ байгуулсанаар хөтөлбөр үргэлжилнэ" гэв.

ЭМДЕГ-аас төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн даатгалын байгууллагын дарга захирал нарт энэ тухайгаа мэдэгдэл хүргүүлжээ.

Уг мэдэгдэлд:

Эрүүл мэндийн яамнаас 2021 оны 4 сарын 1-ний 4/1494 тоот албан бичгээр “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг 2021 онд хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг Монгол Улсын 2021 оны төсөвт тодотгол хийх хүртэл шийдвэрлэх боломжгүй болсон тухай чиглэл ирсэн тул хөтөлбөрийн хэрэгжилтийг зогсоож цаашид төлбөрийн нэхэмжлэл хүлээн авахгүй болсныг үүгээр мэдэгдэж байна.

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилт шийдэгдсэний дараа хэрхэх талаар мэдээллийг хүргүүлэх болно гэжээ.