Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19-ийн улмаас өчигдөр 20 болон 61 настай хоёр эрэгтэй нас барлаа

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварын улмаас дахин хоёр хүн нас барсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 20 настай, 61 настай хоёр эрэгтэй коронавируст халдварын улмаас нас барсан харамсалтай мэдээлэл байна. Ингэснээр улсын хэмжээнд коронавируст халдварын шалтгаант нас баралтын тоо 27 боллоо.

Сүүлийн долоо хоногт Монгол Улсад коронавируст халдварын улмаас 10 гаруй хүн нас барлаа.

Нас баралтын дийлэнх нь хавсарсан өвчтэй тохиолдлууд эзэлж байна. Нөгөө талаар халдвартайгаа оройтож мэдсэний улмаас хүндрэх эрсдэл байгаа тул иргэн бүр халдвар хамгааллын дэглэмээ зайлшгүй мөрдөх шаардлагатай.

Өнөөдрийн байдлаар 2,667 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй.

Тэдгээр хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-1,910
  • Хүндэвтэр-610
  • Хүнд-127
  • Маш хүнд-20 хүн байгаа юм.

Өдөр ирэх тусам хөнгөн өвчтөний тоо буурч хүнд болон маш хүнд хүмүүсийн тоо нэмэгдэж байна” гэв.

Өнөөдрийн байдлаар коронавируст халдвараар нас барсан хүний тоо нийтдээ 32 бүртгэгдсэн. Үүнээс 27 хүнийг нь COVID-19-ийн шалтгаант нас баралт гэж мэдээлж байгаа бол үлдсэн тав нь хавсарсан өвчний улмаас нас барсан гэж үзэж байгаа юм.

Гуравдугаар сарын 31-ний өдрөөс хойш 21 хүн нас барсан байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/272015884477943