Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Франц улс төмөр замд холбогдсон зарим хотууд руугаа нислэг үйлдэхийг хориглов

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх амлалтынхаа хүрээнд Франц улсын засгийн газар зарим дотоод нислэгээ хориглох шийдвэр гаргажээ.

Тодруулбал төмөр замаар 2.5 цагийн дотор хүрэх боломжтой чиглэлүүд рүү агаараар зорчигч тээвэрлэхийг зогсоох шийдвэр гаргасан байна.

Францын ерөнхийлөгч Эммануэл Макроны байгуулсан уур амьсгалын хороо эхлээд 4 цагийн дотор төмөр замаар хүрдэг чиглэлүүдийг хориглох зөвлөмж гаргасан ч парламентын хэлэлцүүлгийн үеэр богиносгожээ.

Ингэснээр Парисын өмнөд хэсэгт оршдог Orly нисэх буудлаас Нант, Бордо зэрэг хотууд руу хийдэг нислэгүүдийг хориглож, Парисын хойд хэсгийн Gaulle/Roisy нисэх буудлаар дамждаг дотоод нислэгүүдийг хэвээр үлдээж байна.

Уг хориг нь цар тахлын улмаас санхүүгийн хүндрэлд ороод байгаа тус улсын үндэсний агаарын тээвэрлэгч Air France-KLM компанид цохилт болж байгаа юм.

Жилийн өмнө Францын засгийн газар тус компанид 7 тэрбум еврогийн зээл олгож байв. Үүний хариуд Air France-KLM энэ оны сүүлчээр дотоодын нислэгийн чиглэлүүдээ 40 хувиар бууруулах амлалт авч байжээ.

Францын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллага UFC-Que Choisir-ийн тооцоолсноор нэг ижил чиглэлд онгоц нисэхэд галт тэрэгнээс 77 дахин их нүүрстөрөгчийн давхар исэл (CO2) ялгаруулдаг байна. Үүнээс гадна галт тэргээр зорчих зардал бага, илүү зарцуулах хугацаа нь ч 40 минутаас хэтрэхгүй гэжээ.

Франц улсын энэ шийдвэрийг Европын бусад улс орнууд анхааралтай ажиглаж байна.

Австри улс өнгөрсөн оны зунаас эхлэн 350 км хүртэл зайтай агаарын нислэгийн тасалбарт нэмэлт 30 еврогийн татвар оноох болсон юм. Мөн төмөр замаар гурав хүртэл цаг зорчих зайтай чиглэлүүдийн нислэгийг хоригложээ.

Нидерланд улс 2013 оноос хойш богино нислэгүүдийг хориглохоор ажиллаж байгаа. 2019 онд тус улсын парламент Амстердамаас Брюссель хүртлэх 150 км зайтай нислэгийг хориглох хууль баталсан ч Европын Холбооны гишүүн улс хооронд чөлөөтэй зорчих зохицуулалтыг зөрчсөн шалтгаанаар хэрэгжиж чадаагүй юм.

 

Эх сурвалж: The Guardian