Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британи улс хөл хориогоо хэсэгчлэн цуцалж, ерөнхий сайд нь үсээ засуулжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Цар тахлын улмаас удаан хугацаанд хөл хорионы дэглэмд байсан Их Британи улс Даваа гарагаас хэвийн амьдралд алгуур шилжиж эхэлжээ.

Баар уушийн газруудын зарим нь Даваа гарагийн шөнө дундаас, зарим нь өглөө эрт нээгдэж, зарим британичууд өглөөний цайны оронд аяга шар айраг хүртэцгээсэн байна.

Үүнээс гадна удаан хугацаанд хаалттай байсан үсчний газрууд нээгдсэн нь британичуудын хувьд баярт үйл явдал болжээ. Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон өчигдөр үсээ засуулсныг хэвлэлүүд мэдээлсэн байна.

 
Үсээ засуулсан Борис Жонсон

Сүүлийн саруудад Жонсоны замбараагүй ургасан үс олны анхаарлыг татаж, элдвээр шүүмжлүүлж, шоолуулж байсан юм. Британийн телевизийн нэртэй хөтлөгч Пирс Морган түүнийг хүүхдийн цуврал киноны баатар, мануухай Ворзел Гуммижтэй адилхан болсныг хэлж байжээ.

Хоёрдугаар сард үсний зарим хэсгийг сүйт бүсгүй Кэрри Саймондс нь хайчилж өгсөн тухай Жонсон ярьж байв.

 
Сүйт бүсгүйгээрээ үсээ хайчлуулсан Борис Жонсон

Харин өчигдөр тэр анх удаа мэргэжлийн үсчнээр үсээ засуулжээ.

Их Британи улс нь коронавирусийн эсрэг вакцинжуулалтын хурдаар дэлхийд тэргүүлэгчдийн нэг болж байгаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд тус улсад халдварын 1,730 тохиолдол бүртгэгдсэн байна. Цар тахлын оргил үед буюу нэгдүгээр сарын эхээр энэ тоо өдөрт 68,000 гаруйд хүрч байжээ.

 

Эх сурвалж: AFP, Daily Mail