Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энхсайхан: Синофармын вакцины хоёр дахь тунг 56 хоногийн дотор тарихад дархлаа сайн тогтоно

Г.Номин, iKon.mn
2021 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан КОВИД-19 халдварын эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Вакциныг хүний биед тарьж оруулмагц хүний биеийн сэртэнт эсүүд вакцины хэсгийг өөртөө оруулаад дархлааны эсүүдийг идэвхжүүлдэг. Дархлааны эсүүд идэвхжсэнээр биед төрөлхийн болон өвөрмөц дархлааны урвалууд өрнөнө. Ингээд санамжийн эсүүдийг идэвхжүүлдэг. Тухайн эсүүд идэвхтэй байж байгаад вакцины хоёр дахь тун орж ирэхэд үр дүнтэй хариу урвал өрнөөд жинхнээсээ коронавирустэй тааралдвал өвчлөхгүй байх тийм дархлаа хүний биед тогтдог. Халдвар авсан тохиолдолд хөнгөн хэлбэрээр өвчилнө. 

Манай улсад хэрэглэж байгаа БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн вакцины талаар мэдээллийг танилцуулъя. Синофарм үйлдвэрийн Вероцелл вакцины 2 дахь тунг 21-56 хоногийн дотор хийнэ. Хамгийн багадаа 21 хоногийн дараа, цаад хугацаа нь 56 хоногийн дараа хийхэд дархлаа тогтоно.

 

АНУ, Унгер, Аргентин зэрэг улсуудад вакцины нөөц хязгаарлагдмал байгаа энэ үед аль болох олон хүнийг эхний тунд хамруулах нь халдвараас хамгаалах боломжийг олгож байна гэсэн судалгаанууд гарсан. Хүний биед дархлааны урвал өрнөхөд тодорхой хугацаа шаардлагатай байдаг учраас энэ бол харьцангуй зөв тактик гэж үзэж байна. 

БНХАУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв, мөн тус улсын эрүүл мэндийн сэтгүүл дээрх мэдээллийг эх сурвалж болгож харвал Вероцелл вакцины 2 дахь тунг 21-56 хоногийн дотор хийнэ гэсэн байгаа. Хөл хорионы хугацаанд вакциных нь 2 дахь тунгийн хугацаа таарч байгаа бол та санаа зовох хэрэггүй. 56 хоногийн дотор вакцины 2 дахь тунгаа хийлгэхэд, ямар нэгэн асуудал үүсэхгүй, дархлаа тогтцод нөлөөлөхгүй. 56 хоногийн дотор вакцины 2 дахь тунгаа тарина. Тэр үед дархлаа сайн тогтоно" хэмээн хэлэв.

ВИДЕО ҮЗЭХ: /2021.04.12/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/187620286364928

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.