Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Ю.Гагарин - Сансар - Озоны давхарга - Дэлхийн дулаарал

ikon.mn
2021 оны 4 сарын 12
iKon.MN
 

Сансарт хүн ниссэний 60 жилийн ойд

Хүн төрөлхтөн Дэлхийн II дайны хүнд үеэс дөнгөж салаад эдийн засаг, ахуйгаа сэргээн босгох гэж тэмцэж, хөгжил нь бараг унтаа шахуу байх үеийн 1961 оны 4 дүгээр сарын 12-ны хаврын тэр өдөр Дэлхийг донсолгосон үйл явдал бий болсон нь тухайн үеийн ЗХУ-ын иргэн хошууч Юрий Гагарин зөвлөлтийн зохион бүтээгч нарын бүтээсэн “Восток” хөлгөөр сансар огторгуйд дэлхийн бүх хүмүүсээс хамгийн түрүүнд дүүлэн гарч эх Дэлхийгээ 108 минутанд нэг удаа тойрон ниссэн билээ.

Энэ бол хамгийн анх удаа хүчирхэг зөөгч пуужингаар хүн суулгасан аппаратыг Дэлхий орчмын тойрог замд оруулж хэт ачаалал, жингүйдлийн болон нарны хортой цацраг туяаны орчинд оруулсан анхны туршилт байв. Ийм нислэгийг гүйцэтгэнэ гэдэг бол тухайн хүний хувьд эр зоригийн хэрэг бөгөөд нисгэж байгаа хүмүүсийн хувьд асар их эрсдэл байлаа.

Урьд өмнө цөөн хэдэн удаа нохойг сансарт нисгэж туршиж байснаас бус хэзээ ч амьд хүн сансарт илгээж байсангүй. Тэр хүн эргэж ирэх эсэх нь бүрэн баталгаатай биш байв. Гэвч сансарт нисгэхээр сонгон авч бэлтгэл хийж байсан 20 залуучуудаас хэн нэг нь энэ үүргийг гүйцэтгэх ёстой байв. Сансрын нислэг болохоос өмнөхөн сансрын хөлгийн зохион бүтээгч нэрт эрдэмтэн Сергей Королев:

"Та нараас нэг нь 4 сарын 12-нд сансарт анх удаа ниснэ. Эргэж ирэх эсэхэд баталгаа өгч чадахгүй" 

гэж эрс шулуун хэлсэн байдаг. Тэгээд эхний ээлжинд Юрий Гагарин, Герман Титов хоёрыг сонгон авчээ. Гэвч тэдгээр залуус Королёвын энэ үгнээс хэн ч хулчийгаагүй. 4 сарын 12-ны өглөө Москвагийн цагаар 09.07 цагт сансрын хөлөг хөөрөх үед Ю.Гагарин ахмад цолтой байж. Гэвч түүнийг сансарт хөөрөх үед зөвлөлтийн хэвлэл мэдээллийн ТАСС агентлаг “ЗХУ-ын иргэн хошууч Юрий Алексеевич Гагарин сансарт анх удаа нисэж сансрын “Восток” хөлгийг жолоодож явна” хэмээн заралсан гэдэг. Энэхүү мэдээг сансарт яваа Гагарин радио холбоогоор сонсож байлаа. Учир нь ЗХУ-ын сансрын нислэг хариуцсан улсын комисс түүнийг амьд эргэж ирэх эсэхийг сайн мэдэхгүй байсан тул сансарт хөөрмөгч нь Гагаринд цэргийн цолыг нь нэмж түүнд өөрт нь мэдрүүлсэн хэрэг.Гагарин сансрын нислэгийг маш тайван, амжилттай гүйцэтгэж сансрын хөлгийн бүхээгийн цонхоор Эх дэлхийгээ ажиглан мэдээгээ дамжуулсаар байлаа.Сансарт жингүйдлийн нөхцөлд түүний биеийн байдал маш сайн байлаа. Тэрээр сансрын уудмаас манай дэлхийг анх ажиглаж харж бидэнд дунд сургуульд зааж сургадаг глобус шиг Дэлхий маань бөөрөнхий хэлбэртэйг тэр бодитойгоор нүдээрээ харж баталсан юм.Түүнээс нэг их удалгүйгээр Герман Титов мөн 1961 оны 8 дугаар сард “Восток-2” хөлгөөр сансарт нисэж 24 цагийн турш Дэлхий орчмын тойрог замд ажиллав. Дараа нь бусад нислэгүүд үргэлжилсээр хүн байнга ажиллах сансрын судалгааны олон улсын станц хүртэл хөгжөөд байна. Өнөөдөр ОХУ, АНУ,БНХАУ зэрэг улс орнууд өөрсдийн хөлгөөр өөрийнхөө сансрын нисгэгчдийг сансарт нисгэв.Түүнээс гадна олон арван орны хэдэн зуун сансрын нисгэгчид сансарт ажиллаж шинжлэх ухааны болон хүн төрөлхтөний тусын тулд маш их зүйлийг бүтээж байна.

АНУ анх саран дээр алдарт сансрын нисгэгч Нил Армстронгийн багийг илгээж судалгаа хийлгэв. Сансарт өөрийн хөлөг, хиймэл дагуулаа ОХУ, АНУ, Европын сансрын агентлаг (22 гишүүнтэй), Япон, Энэтхэг, Аравын нэгдсэн Эмират зэрэг улс орнууд хөөргөж сансрыг энх тайвны зорилгоор судлах судалгаа , шинжилгээний өргөн цар хүрээтэй хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Түүгээр ч зогсохгүй сансрыг бас бизнесийн чиглэлээр ашиглах эхний алхамууд тавигдлаа. Сансарт анхны жуулчин нисгэгчид олон улсын сансрын станц дээр ажиллаж, сонирхоод ирлээ. АНУ зэрэг оронд хувийн хэвшлийн том бизнес эрхлэгчид сансрын судалгааны ажилд идэвхи чармайлттай оролцох боллоо. АНУ-ын “Space X” компанийн эзэн зохион бүтээгч Элон Маск энэхүү үйлсийг толгойлж байна. Тэрээр асар том ирээдүйтэй төслийг санаачлан олон удаа туршилт судалгаа хийж сансрын нисгэгчдийг олон улсын сансрын станцад хүргэж ажиллуулсаар байна. Мөн БНХАУ-ын сансрын агентлаг хөлгөө сарны бидэнд харагдахгүй хэсэгт буулгаж олон чухал мэдээлэл дамжуулав. Түүнчлэн Улаан нүдэн гараг дээр АНУ, БНХАУ, Арабын Нэгдсэн Эмират улсын сансрын судалгааны аппаратууд буугаад өнөөдөр тэндээ ажиллаж үнэ цэнэтэй чухал мэдээ сэлтээ дамжуулсаар байна. Ойрын үед сарлуу дахин хүн нисгэх, 2030-аад оны үед Улаан нүдэн гараг дээр хүн нисгэж ажилуулах тусгай багуудыг бэлтгэж,сансрын толгой гүрнүүд технологиороо уралдсаар байна. Гагарины гаргасан сансар огторгуйн тэр зам улам өргөсөн тэлж түүгээр дэлхийн олон орны хэдэн арваас хэдэн зуун сансрын нисгэгчид, сансрын хөлөг, хиймэл дагуул замнан нисэж хүн төрөлхтөний тусын тулд асар их үнэ цэнэтэй ажил үйлсийг дархлан бүтээж байна.

Тэдгээрээс зөвхөн өөрийнхөө оролцож байгаа зарим төслүүдээс дурьдвал өнөөдөр хүн амьтанаас алс зайд, хэнд ч хүртээлгүй мэт санагдах давхраат мандлын озоны давхаргыг сансраас тогтмол хянаж байна.

АНУ-ын НАСА/NASA болон НОАА байгууллага мөн Японы ТЕРРА/МОДИС –ын сансрын тандан судалгааны мэдээллийг өнөө үед озоны давхаргын хяналтанд 3 үндсэн зорилгоор ашиглаж байна. Үүнд:

  • Озоны давхаргын төлөв байдал, хомсдолын хэмжээг хянах
  • Озоны давхаргын цоорхойн нөхөгдөлийг үнэлэх
  • Мөн озон задалдаг бодисын “хууль бус” хэрэглээнд тавих олон улсын хяналт гэсэн чиглэлээр гүйцэтгэж байна.

а. Озоны давхаргын төлөв байдал, хомсдолын хэмжээг хянах (1975- 2015)

Эхний үед NASA-ийн мэдээлэлд үндэслэсэн давхраат мандлын озоны давхаргын төлөв байдлын мониторингийн тогтолцоо бий болов. Монгол Улс 1996 онд Венийн конвенц, Монреалийн протоколд нэгдэн орж, дээрх олон улсын гэрээнүүдийн Тал–улс орон болсны үр дүнд NASA болон бусад сансрын тандан судлалын мэдээллийг ашиглах, озоны давхаргын төлөв байдлыг хянах, түүнийг хамгаалах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна. Өөрийн нутаг дээрх озоны давхаргын төлөв байдлын мониторинг, судалгаа шинжилгээний ажлыг сансрын мэдээллээр судалж, гүйцэтгэж байна. 30 гаруй жилийн турш дэлхийн улс, үндэстнүүд озон задалдаг бодисын худалдаа, шинэ үйлдвэрлэлийг хориглох/хязгаарлах замаар дэлхийн давхраат мандлын озоны давхаргыг хамгаалахын тулд хамтран ажилласны үр дүнд озон задалдаг тодорхой төрлийн химийн бодисуудын хэрэглээг багасгаж чадаад байна. Сансрын мониторингийн мэдээллээс үзвэл Дэлхийн бөмбөрцгийн өмнөд туйл дээр тогтвортой байнгын цоорхой үүсэж бий болсон бөгөөд харин хойд туйл дээр түр хугацаатай цоорхой үүсэж бий болж байна. Мөн Сибирь болон Гималайн нуруу орчимд ч гэсэн заримдаа озоны давхаргад цоорхой түр хугацаанд үүсэж, нөхөгдөж байгааг сансрын тандан судалгааны мэдээллээр тогтоогоод байна.

Антарктикийн дээрхи озоны цоорхой 2020 оны 8-р сараас эхлэн ихээхэн хурдацтэй тэлж эхэлсэн бөгөөд 2020 оны 9-р сарын 20-нд 24.8 сая км2 талбай хэмжээтэйгээр хамгийн дээд хэмжээнд тэлжээ. Жишиж үзвэл АНУ-ын газар нутгийг 3 дахин нийлүүсэнтэй дүйх хэмжээний цооролт бий болсон. Дэлхийн бөмбөрцгийн өмнөд тал хэсэгт хаврын улиралд (8-10 сар) Антарктикийн озоны цоорхойн хэмжээ томордог. 2020 оны 9-р сарын дундаар болон 10-р сарын дундаар озоны цоорхой хамгийн дээд хэмжээнд тэлснийг (NASA–ийн 2020 оны 9-р сард авсан озон ажиглалтын зураг) зурагт харуулав.

Дэлхийн бөмбөрцгийн өмнөд талын хаврын улиралын (8-10 сар) сүүлээр агаар мандлын давхаргад температур ихэссэнээр озоны цоорхой багасч, туйлын хүчтэй эргүүлэг сулран задарснаар 12-р сарын сүүлээр озоны цоорхойн түвшин хэвийн хэмжээндээ буцаж хүрдэг. 

Гэвч 2020 онд агаар мандлын дээд давхаргад Антарктикийн озоны агаартай озон задалдаг агаар холилдохоос урьдчилан сэргийлэхэд нөлөөлдөг туйлын хүчтэй хуйлрал тогтвортой хугацаанд байснаас болж Антарктидын озоны давхаргын температур эрс нэмэгдсэн байна.

2020 оны ихэнх хугацаанд озоны давхарга агаар мандлын давхаргын 20-оос 25 км өндөрт (50-100hPa) орчимд хэлбэлзэж озоны давхаргын цоорхойн эрчимшлийн хэмжээ 94 Добсон (агаар мандал дахь озоны агууламжийг хэмжих нэгж) нэгж буюу ойролцоогоор хэвийн хэмжээний гуравны нэгтэй тэнцэхээр болжээ.

б. Озоны давхаргын цоорхойн нөхөгдөлийг үнэлэх (2010-2021)

Озоны давхарга нөхөгдөж байгаа эсэхийг үнэлснээр Дэлхийн хамтын нийгэмлэгийн ажлын үр дүнг харуулдаг. Анхны амжилт гарч 2018 он гэхэд Антактид дээрх озоны давхаргын цоорхой 4 сая ам км–ээр нөхөгдөж байгааг хиймэл дагуулын мэдээгээр хяналт – үнэлгээ хийсэн болно. Энэ үнэлгээ улам баталгаажиж байгаа бөгөөд 2020 оны эцсээрх ДЦУБ-ын мэдээллээс үзвэл энэ цоорхой нилээд багасаж байгааг бас тогтоолоо.

в. Озон задалдаг бодисын “хууль бус “ хэрэглээнд тавих (2018-2021) олон улсын хяналт.

Озон олон улсын гэрээний Талуудын бага хурлын шийдвэрээр үйлдвэржсэн-өндөр хөгжилтэй орнууд 1996 он гэхэд, хөгжиж буй орнууд (Монгол Улс) 2010 он гэхэд хлотфтортнүүрстөрөгчийн үйлдвэрлэл, экспорт/импорт, худалдаа, ашиглалтыг бүрмөсөн зогсоох, гидрохлотфтортнүүрстөрөгчийн хэрэглээг 2015 оноос эхлэн 10 %, 2020 онд 30% гэх мэт үе шаттай бууруулсаар 2030 гэхэд бүрмөсөн зогсоох хатуу үүрэг, хариуцлага хүлээгээд байгаа юм. Дэлхийн хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтаар хөргөлт, агааржуулалтын хэрэглээнд хлотфтортнүүрстөрөгийг ашиглахыг 1996-2010 оны хооронд бүрмөсөн зогсож өөр төрлийн хөргөх бодис хэрэглэх болсноор энэхүү цоорхойн хэмжээ багасах болсон. Түүнийг бас NASA болон НОАА байгууллагын сансрын мэдээлэлд хийсэн дүн шинжилгээг ашиглаж нотолж байна.

Гэхдээ одоо хэрэглэж байгаа хлоргүй бодисууд нь Дэлхийн дулааралд мөн сөрөг нөлөөтэй хүлэмжийн хийн нэг төрөл болж байгаа юм. Иймд дараагийн шатны шинэ зорилт болох хүлэмжийн хийг агуулсан гидрохлорфторт нүүрстөрөгч болон гидрофторт нүүрстөрөгчийн төрлийн бодисын хэрэглээг аажмаар байгалийн хөргөх бодисоор солих шинэ зорилт тавьж, түүнийг дэлхий даяар хэрэгжүүлж байна. Түүний үр дүнг хянахад мөн адил NASA-ийн сансраас авсан мэдээлэл гол үүрэг гүйцэтгэдэг. Озоны давхарга Монголд болон Дэлхийн хүн ам шигүү суудаг газар нутгууд дээр цоорчихсон юм биш. Хиймэл дагуулаас авсан олон жилийн мэдээнд бидний хийсэн судалгаагаар Монголын нутаг дээрх озоны давхаргын хэмжээ багасах хандлагатай байна. Гэвч Монгол Улсын Засгийн газрын хүчин чармайлт болон энэ үйл ажиллагаанд оролцогч олон талуудын хүчин чармайлтаар озон задалдаг бодисын хэрэглээг 2010 оноос хэрэглээнээс гаргаж, мөн холимог бодисын хэрэглээг үе шаттай бууруулж байгаагийн үр дүнд энэхүү хандлага өөрчлөгдөх бүрэн боломжтой гэж үзэж байна. 

Монголын нутаг дээр озоны давхаргын бууралтын явц дэлхийн хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтад Монгол Улсын оруулж буй ажлын үр дүнд 2060-аад он гэхэд бүрэн зогсож, манай ард түмний өвчин эсэргүүцэх дархлаа сайжирч цаашдаа амар амгалан аж төрөх нөхцөл бүрдэх сайхан ирээдүй бий болно хэмээн миний бие өөдрөгөөр харж байна.

Ийнхүү сансраас хийдэг энэхүү ажлаараа өдөр тутам судлаачид ажил үүргээ чимээгүйхэн гүйцэтгэж цаад дам утгаараа хүний төлөө тустай үйлийг бүтээсээр байна.

Ялангуяа COVID-19 хэмээх дархлаа султай хүмүүсийг амархан барьж авдаг өвчнийг дарангуйлахад дархлааг хамгаалах, дэмжих нь чухал. Тэгвэл хүний дархлааг сулруулах байгалийн хүчин зүйл болох хэт ягаан туяаны тун доз хэтрэх аюулаас сэргийлэх үндэс болсон Нарны хэт ягаан туяаг өөртөө шингээж авах хуяг болох озоны давхаргыг хамгаалах, ухаалаг шийдвэр, глобальний хүчин чармайлт, зохицуулалт болон шинэлэг технологийн шийдлийг ажил амьдралын хэрэглээнд нэвтрүүлэх нарийн төвөгтэй ажлыг гүйцэтгэж байна.

Мөн дэлхийн дулаарлын нөлөөгөөр агаарын халуун, хүйтний солилцоо, сэлгээг зохицуулах үүрэгтэй хойд мөсөн далайн мөсний төлөв байдлыг хянах, Сибирийн их тайгад хөлдүү байгаа хүчтэй хүлэмжийн намгийн хийг хянах зэргээр уур амьсгалын өөрчлөлтийн судалгааг мөн л сансрын хиймэл дагуул, сансрын станцаас хийдэг.Түүний үр шимийг бид бас л чимээгүйхэн хүртсээр л...

Юрий Гагарины сансар огторгуйд гаргасан зам харгуй хүмүүнд тус болж, сансар бидний амьдралд чимээгүйхэн нэвтрэн орж танд, надад, бидэнд тусалсаар л байна.

Сансар гэдэг нь биднээс их алс зайтай мэт санагдах боловч үнэн хэрэгтээ та бүхний өдөр тутмын аж амьдралд гүн гүнзгий нэвтэрчээ. Таны өдөр бүр үзэж байгаа ТВ хөтөлбөрүүд, таны гартаа барьж яваа утаснуудын дамжуулж буй бүх мэдээллийг сансрын техник хэрэгслээр дамжуулдаг гэдгийг та мэдэх биз ээ.

Сансар судлалын хөгжил нь анх социалист ба капиталист хоёр системийн тэргүүн орнууд болох ЗХУ, АНУ-ын хооронд өрнөсөн өрсөлдөөнөөс үүдэлтэй.

Оросууд анхны хиймэл дагуулыг 1957-10-4-д хөөргөж, дараа нь нохойг сансарт хэд хэдэн удаа удаа нисгэж, улмаар 1961 онд анхны хүн Ю.Гагаринг сансарт нисгэснээр эхний үед оросууд сансар судлалаар АНУ-аас түрүүлж социалистууд хүйтэн дайнд ялж байсан хэрэг. Харин одоо сансар тэдгээр орнуудын хамтын ажиллагааны талбар болоод байна.    

Нислэг болохоос цөөхөн хоногийн өмнө л Гагарин үндсэн нисгэгч гэдэг нь тодорхой болжээ. Гагарин бол маш их эрч хүчтэй, мэдлэг чадвартай харьцаа сайтай, ирээдүй сайтай, бас “сайхан инээмсэглэдэг” залуу байж. Дөнгөж 27 настай тэр залууг сонгожээ. Эхнэр, 2 охинтой залуу. Эцэг эх нь хөдөө тосгонд аж төрнө.

Түүний нисэхийг гэр бүлээс нь хэн ч мэдээгүй. Зөвхөн “Восток-1” хэмээх сансрын хөлгийн бүхээгт сууж сансрын огторгуйд гарсан хойно нь гэрийнхэн нь мэдсэн байдаг. Нислэг болохоос өмнө тэрээр гэртээ ирж эхнэртэйгээ уулзахдаа “Сансрын нислэгийн бэлтгэлд байгаа залуус бид нараас хэн нэг нь удахгүй сансарт нисэх болно” гэж хэлсэн байдаг. Эхнэр Валя нь “Чи нисэх үү?“ гэж асуухад “Мэдэхгүй. Хэн ч байж болно” хэмээн хариулсан гэж эхнэр нь хожим дурсан ярьжээ. Тэр нислэг бол хүн төрөлхтөний сансрын болон техник технологийн хөгжил дэвшлийн гайхамшигт үр дүн болсон юм. Нислэг болохын урьд шөнө нь Гагарин, Титов хоёрыг тусгаарлан тус тусад нь тусгай байранд хонуулжээ. Тэр шөнө Гагарин сайхан нойрссон байгаа юм. Өглөө нь Байконурлуу тусгай машинаар хоёр нисгэгчийг авч очжээ. Эмчийн үзлэгт ороход Гагарины биеийн байдал сайн байсан тул тэрээр “Восток” хөлгийн бүхээгт байраа эзлэн, Дэлхийг нэг удаа тойрох хөтөлбөртэй нислэгээ эхэлсэн. Тэрээр сансрын хөлгийг зөөгч угсраа пуужингууд хурдаа авч, нэг нэгээр салж багааг мэдэрч байж. Тэгээд сансрын огторгуйд гараад хөлгийн бүхээгээр эх Дэлхийгээ хүн төрөлхтөнөөс хамгийн анх удаа сансраас ажиглаж хараад “ямар гоё үзэсгэлэнтэй юм бэ” хэмээн дуу алдсан гэдэг. Дэлхий гараг түүнд хөх, цагаан, ногоон, бор шаргал өнгөтэй харагдаж байжээ.

Хөх өнгөөр гадаад их далай тэнгис ялгарах бол цагаан өнгөөр үүлэн бүрхүүл цайрах бөгөөд халуун дулаан орны ширэнгэн их ойтой нутаг ногоон өнгөөр, харин дундад өргөрөгийн хуурай нутгууд, элсэн цөлүүд бор шаргал өнгтөтэйгээр олон өнгө ялгаран байхыг тэр хүн хамгийн анх удаа бодитоор нь “амьд”-аар нь сансрын уудмаас харсан билээ. Сансраас байгаль дэлхийг ажиглаж судлах хамгийн анхны судалгааг Ю.Гагарин ийнхүү гүйцэтгэсэн түүхтэй. Тэрээр хамгийн өндөр нислэгийн рекорд амжилт, хамгийн хурдан нислэгийн рекорд амжилтуудыг тогтоосон төдийгүй сансраас Дэлхийг судлах ажлын анхдагч болж түүхэнд үлдсэн. Түүнийг суулгасан сансрын хөлгийн бүхээг агаар мандлын нягт давхаргад асар их хурдтай орж ирсэн байдаг. Их хурдны нөлөөгөөр үүссэн үрэлтээс шалгаалан сансрын хөлгийн бүхээг шатаж эхэлжээ. Түүний хурдыг сааруулах зориулттай шүхрийн систем ажиллахгүй үед бүхээг агаар мандалд хурдтай доошлон бас эргэлдэж байв. Мэдээж хэрэг түүний толгой эргэж биеийн байдалд нөлөөлөх нь дамжиггүй. Гэвч Гагарин тэр бүхнийг даван туулсан билээ. Харин шүхэр ч задарч бүхээг алгуур доошилсоор Дэлхийн гадарга руу дөхсөөр байж. Түүнд далай, ой мод харагдана. Бас завсраар нь хуурай газар ч жирэлзээд өнгөрч байлаа. Тооцоолж буух ёстой газраасаа тэрээр 320 орчим километр зайд харин азаар тариалангийн талбайн дунд бөмбөлөг шидэгдэн унажээ. Түүнийг хэн ч тосож авсангүй. Учир нь товлосон газраас өөр талбайд буусан хэрэг. Тэрээр сансрын буугч аппаратын бүхээгээс гарч эх Дэлхийнхээ цэнгэг агаарыг цээж дүүрэн амьсгалжээ. Ямар ч гэсэн амьд сэрүүн газар дэлхийдээ эргэн ирлээ. Ямар их аз вэ. Хүн төрөлхтөний шинжлэх ухааны гайхамшиг анхны нисгэгчээ амьд сэрүүн буцаан авчирчээ. Хамгийн анх тааралдсан хүн нь бага насны охиноо дагуулсан тариачин бүсгүй байлаа. Гагарин эзгүй хээр талд буусан тул тэр бүсгүйг алдаж болохгүй байлаа. Гэнэт тэнгэрээс шүхрээр бууж ирсэн бөмбөлөгөөс хүн гарч ирэхэд нь тариачин бүсгүй айж охиноо өөртөө ойртуулан хойшоогоо ухарч байлаа. Гэвч Гагарин түүнийг тайвшруулан би сансарт нисээд бууж байгаа хүн байна. Айх хэрэггүй. Тооцоолсон газраас өөр нутагт буулаа. Та намайг хүмүүстэй уулзуулж холбоо барьж өгнө үү хэмээн гуйсан байдаг.

Ийнхүү анхны сансрын нисгэгч маань эрж хайх ажлын хэсэгтэй холбогджээ. Тэр үеэс хойш 60 жилд сансар судлал үсрэнгүй хөгжиж түүний үр шим та бидний амьдрал нэвтэрсээр байна.  

Сансрын тандан судлаач инженер, Доктор, профессор Ц.Адъяасүрэн

Утас: 99192160