Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Прокуророос хяналт тавьсан нийт зөрчлийн 97.7%-д нь шийтгэл оногдуулжээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир/mpa.mn

2021 оны нэгдүгээр улиралд хийсэн Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих хяналтын ажлын зарим тоон мэдээллийг Прокурорын байгууллагаас танилцууллаа. 

Тус улирлын байдлаар 32 байгууллагын 10,513 зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаанд прокурор хяналт тавьж ажиллажээ. 

Нийслэлд зөрчлийн хэргийн гаралт их байгааг прокурорын байгууллагаас онцоллоо. 

Тодруулбал, нийт зөрчлийн хэргийн 255,269 буюу 68.8% нь нийслэлд, 115,464  буюу 31.2% нь орон нутагт үйлдэгдсэн аж. Мөн рокуророос нийт 370,733 зөрчлийн хэрэгт хяналт тавьсан нь өнгөрсөн оны мөн үеэс 51,464 хэргээр буюу 12.2%-аар буурсан байна. Үүнээс

  • Цагдаагийн байгууллага 358,637 буюу 96.7 хувийг,
  • Мэргэжлийн хяналт 926 буюу 0.2 хувийг,
  • Гааль 204 буюу 0.05 хувийг,
  • Татвар 415 буюу 0.1 хувийг,
  • Гадаадын иргэн харьяатын газар 38 буюу 0.01 хувийг,
  • Бусад байгууллагууд 10513 буюу 2.8 хувийг нь тус тус хүлээн авч шалгажээ. 

Прокуророос хяналт тавьсан нийт зөрчлийн хэргийн шийдвэрлэлтийг харвал: 

  • 362,482 буюу 97.7 хувийг шийтгэл оногдуулж,
  • 6,158 буюу 1.6 хувийг нь шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авахуулахаар шүүхэд шилжүүлж, 
  • 517 буюу 0.1 хувийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл, зөрчлийн хэргийн шийдвэрлэлт өнгөрсөн оны мөн үетэй ижил түвшинд байгаа аж. 

Зонхилон үйлдэгддэг зөрчлийн хэргийн гаралт буурч, зарим төрлийн зөрчлийн хэргүүд багагүй хувиар өсөв

Зонхилон үйлдэгддэг дараах зөрчлийн хэргийн гаралт буурсан байна. Үүнд:

  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 312,517 гарсан ба 46 хувиар,
  • Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 18,789  гарсан ба 18 хувиар,
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 2,846 гарсан ба 24 хувиар,
  • Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 773 гарсан ба 5 хувиар,
  • Хулгайлах зөрчил 180 гарсан ба 73 хувиар тус тус буурчээ.

Харин Автотээврийн тухай хууль зөрчих зөрчил 50 хувиар, Хүний биед халдах зөрчил 5 хувиар, Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 67 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 55 хувиар, Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 98 хувиар өсжээ.