Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Такахама Кеничи: Бидний хөрөнгө оруулалтаар гэмт этгээд өндөр үнэтэй машин, орон сууц худалдан авсныг хараад итгэж чадахгүй байсан

Өдрийн сонин
2021 оны 4 сарын 12
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Япон улсын иргэн ТАКАХАМА КЕНИЧИ-тэй онлайнаар ярилцлаа. Тэрбээр 5.7 тэрбум төгрөгөө монгол иргэнд залилуулж. хууль хяналтын байгууллагад өгсөн ч асуудлыг шийдэхгүй удаж байгаа талаар манай сониноор дамжуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн сайдад хүргэх гомдлоо нийтлүүлсэн билээ.

-Таны хэвлэлд нийтэлсэн гомдлыг уншсан. Та ямар ажил эрхэлдэг, хаана амьдардаг зэрэг өөрийгөө манай уншигчдад танилцуулаач?

-Би Япон улсын иргэн. Одоогоор Сингапур улсад амьдардаг. Интернэт маркетинг болон хөрөнгө оруулалтын бизнес эрхэлдэг.

-Та Монгол Улс, монголчуудтай хэдийнээс харилцаа холбоотой болсон юм бэ?

-Анх монгол иргэн 2015 оны 2 дугаар сард цахимаар надтай холбогдон 2015 оны тавдугаар сард Сингапурт ирж надтай уулзаж байсан. Тухайн үедээ Монгол Улсад бизнес, тэр дундаа банк бус санхүүгийн байгууллагын чиглэлээр хөрөнгө оруулахыг хүссэн. Монголд боломж бий гэж бодож байсан тул яриаг нь сонсож, итгэл төрсөн учраас хөрөнгө оруулахаар болсон юм.

-Хамтран бизнес хийх зорилгоор Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх, 5.7 тэрбум төгрөгөө залилуулсан гэж та гомдлоо нийтэлсэн байсан. Анх хэзээ, ямар чиглэлээр хичнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийв?

-Анх банк бус санхүүгийн байгууллага байгуулаад түүнээсээ ашиг олох зорилгоор хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. Тэгээд банк бус санхүүгийн байгууллага бидний нэр дээр байгууллаа, тусгай зөвшөөрөл гарлаа гээд над руу цахимаар мэдэгдэхэд нь би баярлаж байснаа хүртэл санаж байна. Миний нийт хөрөнгө оруулалт маань 5.2 тэрбум орчим төгрөг болсон. Манай найз Нитта Кэйсүкэ бас хөрөнгө оруулалт хийсэн. тэр дүн нь 500 орчим сая төгрөг болж байгаа юм.

-Бизнес хийх салбараа болон хамтран ажиллах компани, хүмүүсээ хэр судалж байж ажлаа эхэлсэн бэ?

-Би өөрөө угаасаа Монголыг сонирхож байсан тул Монголд ирж байсан. Хөрөнгө оруулалтаа анх бага дүнгээр эхлүүлэн, эхлээд компаний бичиг баримт, тусгай зөвшөөрөл, банкны дансны үлдэгдлийн баталгаа зэргийг шалгаж, үйл ажиллагааны үндсэн үзүүлэлт болох борлуулалтын ашгийг cloud ашиглан мэдээлэл солилцож, тогтмол хурал хийдэг байсан. Гэвч надаас хөрөнгө мөнгө авахын тулд намайг хуурч тодорхой бичиг баримтууд (компаний гэрчилгээ. дансны хуулга гэх мэт) хуурамчаар үйлдэгдсэн байсан. Тэр битгий хэл банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос авчихсан гэсэн нь хүртэл худлаа болж таарсан. Бас надад Хөгжлийн банкнаас 1 тэрбум долларын зээл авах гээд баримт бичиг бүрдүүлж байна гэснээ дараа нь авчихлаа гэж хүртэл мэдэгдэж байсан.

Монголд ирж оффис байрлаж байсан газар ирж үзэж, ажилтнуудтай ч мөн уулздаг байсан. Өөрийнхөө хэмжээнд бизнесийн явцтай танилцаж байсан боловч маш нарийн зохион байгуулалттай надад итгэл төрүүлж, би ч түүнд нь хууртан хөрөнгө оруулалтын хэмжээгээ өсгөж ирсэн.

-Ямар салбарт ажиллахаар төлөвлөсөн юм бол?

-Банк бус санхүүгийн байгууллага байгуулаад зээл гаргаад явж байна гэж ойлгодог байсан. Тэгсэн тэр бүхэн нь худал болж таарсан. Миний хөрөнгө оруулалт нөгөө Монгол хүний тансаглал, байр. машин, газар, байшин болсон байсан.

-Хөрөнгө оруулалт хийсэн компани, хувь хүмүүс чинь хэн бэ?

-Миний анх үүсгэн байгуулсан компани бол "Ориентал капитал" ХХК байсан дараа нь “Ориентал инвестмент ХХК-ийг үүсгэн байгуулсан гэж бодож байтал Ориентал инвестмент ХХК компанийг нөгөө хүн маань өөрийнхөе нэр дээр байгуулчихсан байсныг мөрдөн шалгах ажиллагаа эхэлсний дараа олж мэдсэн.

-Мөнгөө нааш нь оруулчихаад Монголд ирж байсан уу, ажилдаа хэр хяналт тавьж чадсан бэ?

-Хэд хэдэн удаа ирж байсан. Гэмт этгээдтэй Монголын сайхан хөдөө хүртэл явж Монгол гэрт хонож ч байсан. Жил бүр зун Японоос хөрөнгө оруулагч нарыг дагуулан ирж Монголын байгальд гэрт хонох аялал ч зохион байгуулж байсан.

-Хамтрагч түнш тань таныг мэхэлснийг хэдийд мэдсэн бэ?

-2017 оны 10 дугаар сард Монголд ирэх үеэр түүнтэй хамт ажиллаж байсан Монгол ажилтнаас мэдээлэл ирсэн ба нягталж үзтэл бүх албан ёсны бичиг баримтуудаас (компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл) эхлүүлээд борлуулалтын тайлан, үйлчлүүлэгч нарын бүртгэл ч хүртэл хуурамчаар үйлдэгдсэнийг мэдсэн.

Огтхон ч бизнесийн үйл ажиллагаа явуулаагүй байсанд гайхсан. Бүүр ч илүү гайхсан зүйл бол худалдаж авсан гэх барилгын худалдах, худалдан авах гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээ бүгд хуурамч байсан. Бидэнд мэдэгдээгүй, огтхон ч хамааралгүй шинээр баригдаж байсан орон сууцны барилгад өөрийн дураар хөрөнгө оруулан улмаар бүгдийг борлуулж өөрийн орлого болгосон.бас бидний хөрөнгө оруулалтаар гэмт этгээд өндөр үнэтэй машин болон орон сууц худалдан авсан байсанд ч итгэж чадахгүй байсан.

-Тэр даруйд ямар нэгэн арга хэмжээ авсан уу?

-Гэмт хэргийн баримтуудыг цуглуулаи Монгол Улсын өмгөөлөгчид хандсан. Хөрөнгөнүүдийг цагдаагийн байгууллага битүүмжлэн 2017 оны 10 дугаар сард эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг.

-Хамтрагч тань таны мөнгөөр үл хөдлөх хөрөнгө болон үнэтэй машинууд авсан талаар та гомдолдоо дурдсан байсан. Энэ бүхнийг яаж мэдсэн хэрэг вэ?

-Мэдээлэл өгсөн монгол иргэн маань тухайн этгээдтийн багын танилууд байсан. Түүний эхнэр нь тус компанид нягтлангаар ажилладаг байсан тул түүний мөнгөний урсгалыг бүгдийг мэддэг байсан. Эхнэрт нь бидэнд худал тайлан илгээхийг зааварчлан, хуурамчаар үйлчлүүлэгчийн бүртгэл болон санхүүгийн тайлан хийлгэдэг байсныг надад хэлсэн, холбогдох газарт нь ч мэдэгдэж өөрсдийн үүргээ биелүүлж бидэнд бүх үнзнийг хэлж өгсөн. Гэмт этгээд ч биднийг энэ талаар олж мэдсэнийг мэдээд манай өмгөөлөгчийн албан өрөөнд ирж үл хөдлөх хөрөнгө, тансаг зэрэглэлийн машинуудыг хувьдаа өөрийн дураар худалдаж авснаа илчилж биднээс уучлалт гуйж байсан. Миний хувьд хохиролгүй болчихвол яах вэ гэж бодсон чинь өнөөдрийг хүртэл надад нэг ч төгрөг буцааж өгөөгүй байна.

-Мэдээж хуулийн байгууллагад хандсан байх. Хэргийг шийдэлгүй удаж байгаа гэсэн үү. Яагаад асуудлыг ингэж удааж сунжруулаад байна гэж та боддог вэ?

-Бид гадаад улсын иргэд, бас намайг залилсан этгээд ямар нэг аргаар хуулийг гажуудуулах үйлдзл хийж байна гэж үзэж байгаа бөгөөд түүнд хариуцлага тооцох хангалттай хугацаа өнгөрсөн баймаар юм. Намайг залилсан этгээд шалгагдаж байх хугацаандаа нуусан хөрөнгөө зарж борлуулсан мөртлөө бидэнд 1 төгрөг өгөхгүй ийм удаан эрх чөлөөтэй явж байгаад Монголын хуулийн нөлөө бүхий албан тушаалтнууд л мэдэх байх даа. Тэгсэн мөртлөө намайг залилсан этгээд өөртөө бат итгэлтэй байгаа төдийгүй, бидний хохирлыг барагдуулаагүй шинэ бизнес зхлүүлээд явж байна. Хуулийн ийм орчинг бас гайхаад байгаа. Яагаад биднийг залилсан этгээд өнөөдрийг хүртэл ямар нэгэн ухамсарт зөв үйлдэл хийхгүй яваад байгаа, түүнд хуулийн хариуцлага хүлээлгэхгүй байгаад л гайхаж байна гэсэн үг.

-Монголд болон өөр улсад таны хөрөнгө оруулалт хийж, хамтарсан бизнес бий юү?

-Мэдээж өөр хөрөнгө оруулалтууд байгаа ч гэсэн энэ этгээд шиг ингэж анхнаасаа бидний итгэлийг олон, залилан мэхлэх санаа зорилгоор бүх албан ёсны бичиг баримт нь хуурамчаар хийгдсэн тохиолдол байхгүй.

Монголд хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй гадаад хүмүүс ч цөөнгүй. Энэ үед хамгийн чухал зүйл бол гэрээнийхээ дагуу хэрэгжих эсэх, хууль үйлчлэх эсэх юм.

Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдад хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлбэл Монгол Улсын хөгжилд их л хувь нэмэртэй байх даа. Гадаад нэр хүнд нь өсөж хөрөнгө оруулалт орж ирнэ.

Миний хувьд Монгол Улс ардчилсан, хөрөнгө оруулахад таатай нөхцөл бүрдсэн гэж ойлгож байсан боловч зальт этгээдэд хууртагдаад зургаа дахь жилийн нүүрээ үзлээ. Энэ асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж өгөөсэй гэж хүсэж байна даа.

 

Ярилцсан: Д.Туяа

Зураг