Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн асуудлаар "Рио Тинто" болон "Туркойз Хилл Ресурс" тохиролцоонд хүрчээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2021 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

"Туркойз Хилл Ресурс" болон "Рио Тинто" компани Оюутолгой төслийн далд урхайн бүтээн байгуулалтыг дуусгахад шаардлагатай санхүүжилтийг хийх хувилбар дээр нэгдсэн шийдэлд хүрсэн тухайгаа мэдээллээ. 

Уг мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
Монгол Улс дахь Оюу толгойн гүний уурхайн төслийн бүтээн байгуулалтын ажлыг дуусгахад шаардлагатай санхүүжилтийн шинэчилсэн төлөвлөгөөний хүрээнд Туркойз Хилл Ресурс компанитай ерөнхий зохицуулалтын гэрээ байгууллаа. Өмнө нь 2020 оны есдүгээр сарын 9-ний өдөр Рио Тинто болон Туркойз Хилл Ресурсийн хооронд байгуулсан санамж бичигт үндэслэн, энэхүү шинэчилсэн санхүүжилтийн төлөвлөгөөгөөр ойролцоогоор 2.3 тэрбум ам.долларын санхүүжилтийг шийдвэрлэсэн болно.
 
Тус гэрээний дагуу, Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгийг авч, цаг хугацаа, гүйцэтгэх боломж, нөхцөлийг хоёр тал хүлээн зөвшөөрсөн тохиолдолд "Рио Тинто" болон "Туркойз Хилл Ресурс" дараах нөхцөлүүдийг харилцан тохиролцов. Үүнд:
  • Гүний уурхайн шинэчилсэн төлөвлөгөө, төслийн хугацаа болон мөнгөн урсгалтай уялдуулж, одоо хэрэгжиж буй гүний уурхайн төслийн санхүүжилтийн зохицуулалтын дагуу 1.4 тэрбум ам.доллар хүртэлх зээлийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах;
  • Сонгогдсон олон улсын санхүүгийн байгууллагуудаас төслийн санхүүжилтийн одоогийн зохицуулалтын дагуу 500 сая ам.доллар хүртэлх нэмэлт давуу эрхтэй зээлийн эх үүсвэр босгохыг эрэлхийлэх;
  • Рио Тинто нь хамтын зээлийн эх үүсвэрийг Оюу толгойн гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөтэй ижил нөхцөлөөр хангаж, төслийн санхүүжилтийн 750 сая ам.доллар хүртэлх зээлийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах болон зээлийн нэмэлт эх үүсвэр татсаны дараа дутагдах эх үүсвэрийн санхүүжилтийг босгох;
  • Туркойз Хилл Ресурс нь хамтын зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш зургаан сарын хугацаанд үлдсэн санхүүжилтийн дутагдлыг нөхөх зорилгоор 500 сая ам.доллар хүртэлх үнээр энгийн хувьцааны эрхээ санал болгох, байршуулах ажлыг дуусгавар болгох үүрэг хүлээв.


"Рио Тинто"-ийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд “Туркойз Хилл Ресурстэй байгуулсан энэхүү зохицуулалтын гэрээ нь дэлхийн хамгийн том зэсийн уурхайнуудын нэг болж, ирэх жилүүдэд Монгол Улсын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулах Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг амжилттай гүйцэтгэхэд чухал үйл явдал юм. Монгол Улсын Засгийн газартай нээлттэй хэлэлцээ хийж, дэвшүүлж буй санал, шийдлийг анхааралтай сонсож, хамтран шийдвэрлэхийн зэрэгцээ төслийн санхүүжилтийн зээлийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах нь Оюутолгойн гүний уурхайн төслийг төлөвлөгөөний дагуу үйлдвэрлэлээ эхлүүлэхэд түлхэц үзүүлэхүйц шийдвэрлэх алхам болно” гэжээ.

"Туркойз Хилл Ресурс" компанийн гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгч Стив Тибо “Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх талаар "Рио Тинто"-той харилцан ашигтай тохиролцоонд хүрсэндээ бид баяртай байна” хэмээн онцлоод “Одоогийн төлөвлөгөөнд хүрэхийн тулд зайлшгүй авах арга хэмжээ болох ерөнхий зохицуулалтын гэрээг байгуулснаар бид Оюутолгойн гүний уурхайн төслийн бүтээн байгуулалтыг хурдан ахиулах боломжтой болно. Бид бүхий л оролцогч талууд, түүний дотор Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын иргэдэд үр өгөөжөө өгч, гүний уурхайн үйлдвэрлэл эхлэхэд "Туркойз Хилл Ресурс"-ийн урт хугацааны үнэ цэнийг бий болгохоор тууштай ажиллаж байна” гэсэн байна.

Мөн "Рио Тинто" болон "Туркойз Хилл Ресурс" хоорондын арбитрын маргаан түүнээс гарсан шүүхийн шийдвэр, энэ дундаа түр арга хэмжээ авах тушаалыг хэрэгсэхгүй болгохоор талууд тохиролцсон болно. 

Газрын гүний чулуулгийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор далд уурхай барих загварт өөрчлөлт оруулж, ТЭЗҮ-ийг шинэчлэх шаардлагатай болсныг 2019 онд анх Рио Тинто мэдэгдэж байв. Ийнхүү шинэчилсэн ТЭЗҮ-ийг 2020 оны сүүлийн сард танилцуулснаар далд уурхайн төслийн нийт санхүүжилт 6.75 тэрбум ам.доллар болж өссөн бол үйлдвэрлэл эхлэх хугацаа 2022 оны аравдугаар сар болж хойшилсон билээ.