Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Энхсайхан: Нийслэлийн Засаг дарга хүсвэл хүүхдийн паркийн газрын гэрчилгээг цуцлах хуулийн нөхцөл бүрдсэн

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн хот тохижилтын газрын дарга асан Д.Энхсайхан Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт хүүхдийн паркийн газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн барих шаардлага хүргүүллээ. 

Тэрбээр "Миний хувьд дараах гурван шаардлагыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлж байна. Албан шаардлагын хариуг 4 дүгээр сарын 16-ны дотор ирүүлэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж, нийслэлийн иргэдийг цуглуулна.

  1. Хүүхдийн паркийн газрын зөвшөөрлийн асуудлаар нийслэлийн иргэдийн дунд нээлттэй сонсгол зохион байгуулах,
  2. Үндсэн хууль болон Газрын тухай хуулийг удаа дараа зөрчсөн Бодь групп, бусад аж ахуйн нэгжүүдийн газрын зөвшөөрлийг цуцлах,
  3. Хүүхдийн паркийн газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах холбогдох шийдвэр, захирамжийг гаргах гэсэн шаардлагыг хүргүүлэх гэж байна.

Газрын тухай хуулийн 40.1-д газрын эрхийн гэрчилгээг цуцлах нөхцөл шаардлага хангагдсан тохиолдолд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийг хүчингүй болгож цуцална гэсэн заалт бий. Мөн тус хуулийн 40.1.6-д Газрын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг удаа дараа ноцтой зөрчсөн бол газрын эрхийг хүчингүй болгох, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газрыг хоёроос дээш жил ашиглаагүй бол газрыг эрхийг цуцлах үндэслэл болно гэж заасан. Цагаан дээр хараар бичсэн хууль байхад, нөхцөл боломж нь бүрдсэн байхад газрын эрхийг гэрчилгээг цуцлахгүй байгаа нь сонин байна.

Нийслэлийн иргэд хүүхдийн өмчөө дээрэмдүүлчихээд яагаад чимээгүй байгаа юм бэ? Шударга ёс ярих дуртай УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид яагаад энэ асуудалд дугарахгүй байна вэ? Энд ирж ажиллаач гэж уриалмаар байна. 2005 оны нийслэлийн Засаг даргын захирамж нь илт хулгай, дээрэм байсан. Өнөөдөр ил болж байна. Нээлттэй сонсгол хийвэл газрын гэрчилгээг хэн олгосон, ерөнхий төлөвлөгөө, ямар даалгавар өгсөн зэрэг нь тодорхой болно. Нийслэлийн Засаг дарга хүсвэл газрын гэрчилгээг цуцлах хуулийн нөхцөл боломж бүрдсэн. 

Хүүхдийн парк нь нийт 37 га газар. Үүнд 6,000 гаруй мод бут сөөг бий. 25 мянган мкв талбайг зүлэгжүүлсэн ч шороогоороо эргэлдсэн газар боллоо. Нийт талбайн 4.5 га газарт тоглоомын хэсэг их үнэтэй босгосон. Цэцэрлэгт хүрээлэн бариад өгөөч гэж хүсэж байна. Дэлхийн бусад хотуудад хотын төвд нь дөрвөөс таван цэцэрлэгт хүрээлэн байдаг. Хотдоо байгаа ганцхан талбайгаа дээрэмдүүлчихээд нийслэлийн иргээд ингээд сууж болохгүй" гэлээ.