Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Сурагчдын ЭЕШ өгөх хичээлийн сонголтод багш нар нөлөөлөхийг оролдох нь Багшийн ёс зүйн дүрмийг зөрчиж буй үйлдэл"

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Их, дээд сургуульд анх удаа элсэн суралцах гэж байгаа хэн бүхэн Элсэлтийн ерөнхий шалгалтыг заавал өгөх учиртай. Ингэхдээ өөрийн сонирхсон мэргэжлийн дагуу холбогдох хичээлээр шалгалтаа өгнө. 

Гэтэл зарим сургуулийн багш өөрийнхөө заадаг хичээлээр сурагчдаа Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхийг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй гэж байгаа тохиолдол гарчээ. 

Иймд сурагчид ЭЕШ-д бүртгүүлэхдээ багшийнхаа зөвшөөрлийг авах шаардлагатай эсэхийг Боловсролын үнэлгээний төвөөс тодруулахад "Элсэлтийн ерөнхий шалгалт нь хичээлийн заавал судлах агуулгын хүрээнд зохион байгуулагддаг учраас хүссэн сурагч бүр өөрийн сонголтоор шалгалт өгч болно. Үүнд багшийн зөвшөөрөл шаардлагагүй. Ийм байдлаар сурагчдын сонголтод нөлөөлөх оролдлого нь Багшийн ёс зүйн дүрмийг зөрчиж буй үйлдэл" гэлээ.

Элсэлтийн ерөнхий шалгалтын цахим бүртгэл дөрөвдүгээр сарын 20-ны 18:00 цагт хаагдана. Бүртгэлийн хугацааг сунгахгүй бөгөөд сонгосон хичээлийг өөрчлөх боломжгүй тул ЕБС-ийг төгсөж буй сурагчид болон өмнөх оны төгсөгчид хариуцлагатай хандах шаардлагатайг анхаараарай. 

Шалгуулагчид бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ: 

  • Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /ТҮЦ машинаас авсан лавлагаа, төрсний гэрчилгээ, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх/
  • Өнгөт цээж зураг файлаар /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
  • Банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн хэрэгсэл 
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг /энэхүү заалт нь зөвхөн өмнөх онд төгссөн ба гадаадад суралцаж дүйцүүлсэн шалгуулагчид хамаарна/
  • И-мэйл хаяг /шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ/