Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

Инфляцын тайлан: 2021 онд төлбөрийн тэнцэл ашигтай байх төлөвтэй

ikon.mn
2021 оны 4 сарын 8
iKon.MN

Монголбанкнаас улирал тутам нийтэлдэг “Инфляцын тайлан”-д экспортын түүхий эдийн үнэ өндөр байгаа нь төлбөрийн тэнцлийн цаашдын төлөвт эерэгээр нөлөөлѳхийг онцолжээ. Улмаар ѳнгөрсөн онд ДНБ-ий 10 орчим хувьтай тэнцэх хэмжээний ашигтай гарсан төлбөрийн тэнцлийн энэ оны төлөв мөн эерэг байна. Өөрөөр хэлбэл $460-470 саяын ашигтай гарах төсөөлөл байгааг Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа Блүүмберг ТВ-д ѳгсѳн ярилцлагадаа дурджээ. 

Ханшийн фундамент болдог тѳлбѳрийн тэнцэл ийнхүү эерэг тѳсѳѳлѳлтэй байгаа нь тѳгрѳгт итгэх итгэлийн суурь болох юм. 2020 онд төлбөрийн тэнцэл 1 тэрбум гаруй ам.долларын ашигтай гарснаар гадаад валютын нѳѳц түүхэн дээд хэмжээ буюу $4.5 тэрбум давж, тѳгрѳгийн ханш тогтвортой байв. Энэ оны эхний 2 сарын байдлаар төлбөрийн тэнцэл $7 саяын ашигтай байснаар валютын нѳѳц үргэлжлэн ѳссѳн үзүүлэлттэй, импортын 11 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрчээ. 

График: Зэсийн үнэ, тонн, /ам.доллароор/

 
Эх сурвалж: Лондоны Металлын бирж

Олон улсын зах зээл дээр манай экспортын голлох бүтээгдэхүүний нэг зэсийн үнэ сүүлийн нэг жилд 80 гаруй хувиар өсөж тн нь одоогоор $8800 ам.доллар даваад байна. Хятадын эдийн засгийн идэвхжлийг дагаад коксжих нүүрс, тѳмрийн хүдрийн үнэ ч мѳн ѳндѳр түвшинд хадгалагдаж буй. Дэлхийн эдийн засаг сэргэж алтны үнэ бага зэрэг буурсан хэдий ч нэг унци нь 1700 ам.доллар давж байгаа нь түүхэн ѳндѳр үзүүлэлт юм. 

Moody’s агентлаг “БНХАУ-ын эдийн засаг сэргэснээр Монголын уул уурхайн салбарын экспортын орлого сэргэнэ” гэж таамагласнаа мөн танилцуулсан. Гэхдээ дотоодод коронавирус тархсан нь улс хоорондын ачаа тээврийг хязгаарлаж, улмаар экспорт удаашрах эрсдэл үүсгэж байгааг тайланд анхааруулсан байна. 

2020 онд тѳлбѳрийн тэнцлийн урсгал дансны алдагдал ДНБ-ийн 4% руу буурсан байна. Хэдийгээр түүхий эдийн зах зээлийн таатай нѳхцѳл байдлыг дагаад гадаадын хѳрѳнгѳ оруулалттай уул уурхайн компаниудын ашигт ажиллагаа оны сүүлийн улирлуудад нэмэгдсэнээр орлогын дансны алдагдал тэлсэн боловч цар тахлын нѳлѳѳгѳѳр бараа болон үйлчилгээний импорт эрчтэй буурчээ. 

Эдийн засгийн идэвхжлийг дагаад хөрөнгө оруулалтын шинж чанартай бараа бүтээгдэхүүн болон удаан эдэлгээт хэрэглээний бараа бүтээгдэхүүний импорт буурах хандлагатай байв. Мөн цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, хилийн хязгаарлалтаас үүдэн бизнесийн үйлчилгээ, ачаа тээвэр болон аялал жуулчлалын зардал хэмнэгдсэнээр урсгал тэнцэл дээр ирдэг дарамт ихээхэн буурчээ.

Санхүүгийн дансны хувьд Оюу толгойгоос орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт өмнөх төсөөллөөс $370 саяар буурч, бусад секторт төдийлөн өсөхгүй төлөвтэйг тус тайланд онцолжээ. Энэ нь цаашид хөрөнгө оруулалтын бодлогод анхаарах хэрэгцээ шаардлага ЗГ-т бийг харуулж байгаа юм. 

Багцын хѳрѳнгѳ оруулалт дээр 2021 онд томоохон дүнтэй өр төлбөр байхгүй нь эерэг дүр зургийг бий болгож байна. Эргэн тѳлѳх хугацаа нь ойртоод байсан Мазаалай болон Чингис бондын дийлэнх хэсгийг дахин Номад бондоор дахин санхүүжүүлсэн нь үүнд нѳлѳѳлжээ. 

График: Гадаад валютын албан нөөц, сая ам.доллар

 ГВАН - $4.5 тэрбумаас доош   ГВАН - $4.5 тэрбумаас дээш

Эх сурвалж: mongolbank.mn