Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Туваан: Сонгуульд хоёр гарыг нь хоёр хөлтэй нь хүлж байгаад барилдуулах гээд байгаа юм уу?

Т.Саран, iKon.mn
2021 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.
 
УИХ-ын гишүүн Ц.Туваан “Бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн эсрэг тэмцэл явж байна. Энэ хүнийг муулах ажлыг хэвлэл мэдээлэл гээд бүх газраар явуулж байна. Өөр муулах зүйл зөндөө байна. Гэтэл нэг хүн рүү дайрдаг асуудал бий боллоо. Сонгуульд бөхөөр бол хоёр гарыг нь хоёр хөлтэй нь хүлж байгаад барилдуулах гээд байгаа юм уу? Эсвэл бүр өрсөлдүүлэхгүй гээд байгаа юм уу? Хэн ч нэр дэвшиж болдог Ардчилсан улс.

Энэ асуудалд үнэхээр сэтгэл гутарч байна. Байнгын хорооны хуралдаанд Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй, эрхгүй гээд хууль мэддэг гишүүд нь ярих юм. Ерөнхийлөгч бүх асуудлаар хориг тавьж болохоор болсон. Үүнийг хэдхэн сарын өмнө хийснийг мартчихаа юу? Ард түмнийг төөрөгдүүлсэн зүйл яриад байгааг ойлгохгүй байна. Монголын ард түмэн тэнэг биш. Хэн рүү хэн дайрч байгааг хараад мэдэж байгаа.
 
Ажлын хэсгийнхнээс асууя. Бага суудлын хурал гэдэг яадаг юм бэ? Хуралдаж байснаа хаяж яваад, тэнд байсан гишүүнийг дундаас нь чөлөөлж болдог юм уу? Бага суудлын хуралдааны протокол шийдвэрийг бид харж болдоггүй юм уу?” гэв.
 
Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Болд “Гишүүд Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдааныг тойруулж яриад байгаа юм. Үүнтэй холбогдсон томилгоо явагдсан уу гэдгийг их ярьж байна. Үндсэн хуулийн цэц нэг ёсны шүүх гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байгаа. Шүүх, шүүх хуралдаан, шүүхийн шийдвэр гэдэг зүйрлэх юм бол мэс засалтай адилхан.

Хүний гэдсийг нээчихээд дарга дуудлаа гээд  гараад явж болохгүй. Эхэлсэн бол мэс засал заавал дуусдаг. Ийм байдлаар Цэцийн бага суудлын хуралдааны бүх шийдвэрээ ном ёсоороо гарсан. Зөвхөн албажихад асуудал үүссэн. Энэ хооронд тухайн хуралдаанд оролцсон нэг гишүүнийг сольчих юм бол тус шийдвэр өөрчлөгдөх юм шиг хууль зүйн буруу ойлголт яваад байна. Тийм боломж байхгүй.Тухайн шийдвэр гарсан бол заавал албажиж байж дуусна. Шийдвэрт хэн ч нөлөөлөх боломжгүй. Чуулганд хүнийг чөлөөлөх, томилох асуудлыг байнгын хороонд санал хураахгүйгээр шууд шийддэг болвол хууль тогтоох үйл явц маш их эргэлзээнд орно.

Цэцийн дурын гишүүнийг чуулганд санал оруулаад чөлөөлдөг байдал үүсвэл цаашид Цэцийн бие даасан байдал эргэлзээтэй болно. Хоорондоо нөлөөлдөггүй, бие биенийхээ эрх мэдэлд халдахгүй байх нь чухал. Хоёр хүн байсаар байтал нэгийг нь их хурал сонгоод чөлөөлөх нь болохгүй зүйл.

Насны хязгаарын тухайд томилсон байгууллага саналаа ирүүлэх заалттай. Энэ асуудлыг хэлэлцэж, Ерөнхийлөгчийн хоригийг зөвөөр хүлээж аваасай гэж хүсэж байна” гэлээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/284775989936351