Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ оны гуравдугаар сард гарсан зөрчил өмнөх сараас 77% өсжээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Энэ оны гуравдугаар сард улсын хэмжээнд гарсан зөрчил хоёрдугаар сартай харьцуулахад 77.3 хувиар өссөн болохыг Ерөнхий прокурорын газраас мэдээллээ. 

Улсын хэмжээнд гуравдугаар сард нийт 167,276  зөрчлийн хэрэг бүртгэгдсэнээс

  • 98.87 хувийг цагдаагийн байгууллага,
  • 0.21 хувийг мэргэжлийн хяналт,
  • 0.05 хувийг онцгой байдал,
  • 0.86 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалган шийдвэрлэжээ.

Дээрх хугацаанд зөрчил үйлдсэн 166,116 хүн Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгүүлсэн нь өмнөх сараас 78.4 хувиар, 237 хуулийн этгээд шийтгүүлсэн нь 75.6 хувиар тус тус өссөн аж.

Зөрчил үйлдсэн хүмүүсийн 78.8% нь эрэгтэй, 21.2% нь эмэгтэй байгаа бол 66.8% нь 26-45, 0.17% нь 16-18 насны хүн байна.

Зөрчлийн улмаас нийт нэг тэрбум 154 сая 884 мянган төгрөгийн хохирол учирч, 72.9% нь нөхөн төлөгджээ.   

Зарим төрлийн зөрчлийн гаралт нэлээдгүй хувиар өссөн байна. Тухайлбал,

  • Мөрийтэй тоглох зөрчил нэг дахин,
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 86.2 хувиар,
  • Хулгайлах зөрчил 38.5 хувиар,
  • Хүний биед халдах зөрчил 25.6 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр үзүүлэлттэй байна.

Мөн Өрсөлдөөний тухай хууль зөрчих зөрчил өмнөх сард гараагүй бол энэ сард гурван удаа гарчээ. Харин Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 37.9, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 9.8 хувиар буурсан байна.

 

Түүнчлэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих, Хүүхдийн эрхийг зөрчих, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн дийлэнх хувь нь Нийслэлд үйлдэгдэж байна. Үүнээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил Баянзүрх дүүрэгт, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил  Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт хамгийн олон гарч байгааг мэдээлэв.

"Улсын хэмжээнд гарч байгаа нийт зөрчлийн 85 орчим хувийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил эзэлж байна"

Иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо эгнээ байр эзлэх журам зөрчих, хязгаарлалт тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг зөрчих зөрчлийг хамгийн их гаргасан бөгөөд энэ төрлийн зөрчлийг үйлдсэн хүмүүсийн 79.1% нь эрэгтэй, 40.9% нь 26-35 насныхан байгаа аж. 

Улсын хэмжээнд гарч байгаа нийт зөрчлийн 85 орчим хувийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил эзэлж байгаа бөгөөд тоо хэмжээ нь буурахгүй, тогтмол өсөх хандлагатай байгааг тус байгууллагаас онцолсон юм. 

Иймд иргэдийг замын хөдөлгөөнд соёлтой, дүрмийн дагуу оролцон, бусдад болон өөртөө хохирол учруулахгүй байхыг уриалж байна.