Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Мөнхзул: ЭТТ бондын жилийн 10%-ийн өгөөжийг зургаан сар тутам олгоно

Р.Оюун, iKon.mn
2021 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ЭТТ бонд зах зээлд гараад байгаа энэ үед иргэд компанийн бондоос хэрхэн өгөөж хүртэх боломжтой талаар тус бондын андеррайтер компаниар ажиллаж буй MICC компанийн гүйцэтгэх захирал Х.Мөнхзултай ярилцлаа. 

-ЭТТ бондыг иргэдэд санал болгож, хөрөнгө оруулах боломж бүрдүүлж байгаа. Компанийн бонд иргэдэд ямар өгөөжтэй талаар ярихгүй юу?

-Компани 2-3 хэлбэрээр мөнгө босгодог. Хувьцаа гаргаж болно. Гаргасан хувьцаагаа зарах бөгөөд хувьцааг нь авсан хүн тухайн компанид хөрөнгө оруулж байна гэсэн үг. Ийнхүү босгосон хөрөнгөөрөө компани төслүүдээ хэрэгжүүлнэ. 

Бонд гаргана гэдэг бол компани өөртөө шаардлагатай байгаа санхүүжилтийн хөрөнгөө иргэдээс зээлж, түүнийгээ баталгаажуулж үнэт цаас гаргаж байгаа хэрэг. Мөнгөө баталгааны бичигтэйгээр зээлээд эргүүлээд төлөх байдлаар мөнгө татаж байна гэсэн үг. Ингэхдээ хүү, хугацаа гэгчлэн тодорхой нөхцөлүүдтэй байна.

ЭТТ бондын хувьд хоёр жилийн хугацаатай, 10 хувийн хүүтэй бөгөөд өгөөжийг хагас жил тутамд өгөх юм. Ам.долларын хувьд 6.8 хувийн хүүтэй. Танаас ийм хэмжээний хүүтэйгээр мөнгийг тань зээлж байна гэж ойлгож болно. Ингээд та зургаан сар болоод эхний хагас жилийн хүү буюу өгөөжөө авах юм. Харин хугацааны эцэст зээлсэн мөнгөө буцаагаад авна гэсэн үг. 

-Хувьцаанд хөрөнгө оруулахаас иргэд болгоомжилдог нэг шалтгаан нь эрсдэл. Компанийн бонд баталгааны бичигтэйгээр мөнгө зээлж байгаа тул баталгаатай гэж ойлгож болох ч эрсдэл нь юу байдаг вэ?

-Компаниуд авсан зээлээ төлж чадахгүй бол эрсдэл үүсэж болно. Эсвэл бизнес тасалдах ч юм уу, мөнгөн урсгал саатах, бэлтгэн нийлүүлэгчид нь нийлүүлэлтээ хангаж чадахгүйн улмаас үйлдвэрлэл зогсдог ч юм уу. 100% эрсдэлгүй бизнес гэж байхгүй. Жишээ нь, коронавирус гарснаар тасалдана гэж бодож байгаагүй бизнесүүд зогсонги байдалд орсон. Дэлхийн томоохон авиа компаниуд хүртэл саатсан. Энэ үед дараагийн арга хэмжээнүүдийг аваад явдаг. 

Иргэд бонд авахдаа тухайн компанийн үйл ажиллагааг нь сайн хараад, хувь нийлүүлэгчдийг нь судлаад, үйл ажиллагаа нь тасалдах магадлал нь хэр байх вэ гэдгийг харж хөрөнгө оруулах ёстой юм. 

ЭТТ компанийн хувьцаа эзэмшигчдийн бүтцийг харвал 

  • 81.51 хувь нь Монгол Улсын Засгийн газар
  • 18.5% нь Монгол Улсын 2.5 сая иргэн
  • Бусдыг нь 10 мянга орчим дотоодын ААН эзэмшдэг. 

Эндээс иргэд дүгнэлтээ хийх боломжтой. 

-ЭТТ бондын өгөөж төгрөг дээр 10% байгаа. Иргэдийн хувьд банканд мөнгөө хадгалуулах сонирхол нь илүү өндөр байдаг. Бонд авах нь банканд мөнгөө хадгалуулснаас ямар давуу талыг иргэдэд олгодог вэ?

-Ийм нэг ялгааг хэлж болох юм. Иргэд мөнгөө банкны хадгаламжид өгөхөд банк өөрийн ашгаа гаргаад тухайн компанид зээл өгдөг. Гэтэл Та шууд хөрөнгийн зах зээлээс бонд авснаараа банкийг алгасаад шууд компани руу мөнгөө зээлдүүлчихэж байгаа юм. Тэгэхээр Та банкны хүртэж байгаа ашгийг хүртэж байна гэсэн үг. Компани бол банканд зардлыг нь дааж төлөхгүйгээр хөрөнгө татаж байгаагаараа ач холбогдолтой. 

Ерөнхийдөө компани банкуудаасаа том болоод ирэхээрээ бондыг хэрэглэдэг. Тухайлбал, ЭТТ компанийн жилийн ашиг нь нэг их наяд төгрөг. Гэтэл банкуудын зээлэх чадвар үүнээс доогуур байхад шаардлагатай төслүүдээ санхүүжүүлэхийн тулд банкийг алгасаад бонд гаргаж, иргэдээсээ хөрөнгө татаж байгаа хэрэг.

-Дотоодын компани өмнө нь ийм хэмжээний бондыг дотооддоо гаргаж байгаагүй байх. Иргэд энэ бондыг авснаар ЭТТ ямар төслүүдээ хэрэгжүүлэх вэ?

-Нийт шаардлагатай 2 их наяд төгрөгийг 2021 онд багтаж бонд гарган босгох юм. Үүнээс эхний 600 тэрбум төгрөгийн бондыг ийнхүү дотооддоо гаргаж байгаагийн 20% төгрөг, 80 хувь нь ам.доллар хосолсон байгаа. Хөрөнгө босгох ажиллагаа гурван үе шаттай явагдана. Гаднын хөрөнгийн бирж дээр ч мөн бонд гаргахаар төлөвлөж байгаа. 

Татсан мөнгөөрөө төмөр зам, нүүрс угаах үйлдвэр, цахилгаан станцын төслүүдээ санхүүжүүлнэ. Жишээ нь, төмөр замын төслийг бондын мөнгөөр санхүүжүүллээ гэхэд тээврийн зардал буурч, нийлүүлэлтийн хэмжээ нэмэгдэнэ. Нүүрс угаах үйлдвэртэй болсноор одоогийнхоос 2-3 дахин өндөр үнээр нүүрсээ зарах боломжтой болно. Эдгээрийн үр дүнд Тавантолгойн ордын өгөөж өснө. Түүнийг дагаад 2.5 сая хувьцаа эзэмшигчдийн хүртэх ногдол ашиг нэмэгдэх боломжтой. Төсөл хөтөлбөрүүд нь 2021-2025 онд хэрэгжээд явах юм. 

-Санхүүгийн зах зээлд банкны эзлэх хувь өндөр хэвээр байгаа. Хөрөнгийн зах зээлээ хөгжүүлье гэж олон жил ярьж байгаа. Тэгэхээр ЭТТ бонд амжилттай болж, банкуудын хувьцаа гараад ирэхээр хөрөнгийн зах зээл нэлээд эрчимжих хүлээлттэй байна. Хөрөнгийн зах зээлийн хөгжил улс орны эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар та эцэст нь тоймлохгүй юу?

-Санхүүгийн салбар нь сайн хөгжсөн эдийн засаг илүү хурдацтай хөгждөг. Тогтвортой ч байдаг. 

Нэг талд илүүдэл хөрөнгө байдаг. Нөгөө талд нь мөнгө хэрэгтэй байдаг. Түүнийг хооронд нь сайн холбож чадахгүй бол гацаа үүсдэг. Монголд тийм байдал ажиглагдаад байгаа. Хөрөнгийн зах зээлд бонд гаргаж, илүүдэл байгаа мөнгийг татаж, төслүүдийг урагшлуулснаар Монголд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэнэ. Үүнийг дагаад татварын орлого нэмэгдэж, хүмүүс ажлын байртай болно. Сайн ажилладаг хөрөнгийн зах зээлтэй улс орон аль ч талаараа илүү хөгждөг. 

Хоёрдугаарт, баялгийг илүү тэгш хуваарилах боломжуудыг өгдөг. Компанийн засаглал сайжирч, олон нийтэд илүү ил тод, нээлттэй байснаараа авлига буурдаг зэрэг сайн үзүүлэлтүүд гардаг.