Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19-ийн халдвар 18 аймагт тархлаа

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 4 сарын 7
iKon.MN

Аймгуудад халдвар тархсаар өнөөдрийн байдлаар 18 аймагт COVID-19 бүртгэгдээд байна.

Дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Баян-Өлгий аймагт нэг тохиолдол батлагдсанаар ийнхүү халдвар тархсан аймгийн тоо 18 болов.

График. Улаанбаатараас халдвар зөөвөрлөгдсөн аймгууд(Аймаг бүрийн нэр дээр дарж, зөөвөрлөгдсөн халдвар бүртгэгдсэн мэдээллийг харах боломжтой)

Хэрэв Өмнөговь аймгийг оруулж тоолбол Монгол Улсын 19 аймагт коронавирусийн халдвар тархжээ. Тус аймагт батлагдсан тохиолдлыг ЭМЯ албан ёсоор бүртгээгүй байна. Энэ нь батлагдсан тохиолдлуудыг Улаанбаатар руу шилжүүлсэн бөгөөд тухайн орон нутагт халдвар тараахгүй гэж үзсэнийх байж болох юм. 

Ингэснээр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ердөө гурван аймаг буюу Өмнөговь, Дундговь, Говь-Алтай аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй бол бусад аймагт тархсан хэвээр байна.

Дотоодын халдвар өнөөдөр 575-өөр нэмэгдэж, хүн амын дунд халдвар авсан нь батлагдсан тохиолдол нийт 11,680 болоод буй.

Үүний зэрэгцээ иргэдийг вакцинжуулах ажил эрчимжиж 13 аймаг, Улаанбаатар хотын хэмжээнд үргэлжилж байна. Одоогоор улсын хэмжээнд 466,946 хүн коронавируст халдварын эсрэг вакцины эхний тунгаа хийлгэжээ.

Үүнээс 403,162 хүн Улаанбаатар хотод вакцинд хамрагдсан бол 63,784 нь орон нутагт хамрагдсан байгаа юм.