Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Украиныг NATO-д яаралтай элсүүлэхийг тус улсын ерөнхийлөгч уриаллаа

Т.Давааням, ikon.mn
2021 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Улс орныг нь гишүүнээр элсүүлэх ажлыг шуурхайлахыг Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр NATO-гийн удирдлагууд болон тус байгууллагын гол гишүүн орнуудад уриалжээ.

Ингэснээр Украины дорнод хязгаарын Донбасс мужид олон жил үргэлжилж буй мөргөлдөөнийг зогсоох боломжтойг тэр NATO-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбэргтэй утсаар ярихдаа уламжилсан байна.

Сүүлийн өдрүүдэд Украины зүүн болон хойд хил, Крымийн хойгт Оросын тал цэргийн хүчээ нэмэгдүүлж буй талаар Киевийн эрх баригчид мэдээлж байгаа. Ямар зорилготой ийм ажиллагаа явуулж буй нь тодорхойгүй ч Жо Байдены засаг захиргааны үед АНУ-ОХУ-ын харилцаа сайжрах шинжгүй байгаагийн илрэл гэж барууны шинжээчид дүгнэж байна.

Даваа гарагт Зеленский Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон, Мягмар гарагт Канадын ерөнхий сайд Жастин Трюдо нартай тус тус утсаар ярихдаа мөн NATO-д элсэх үйл явцыг түргэсгэхэд туслахыг хүссэн юм.

“NATO бол Донбассын мөргөлдөөнийг зогсоох цорын ганц зам. Украин улсын тус байгууллагад гишүүнээр элсэх төлөвлөгөө Оросын талд бодитой анхааруулга болох ёстой” гэж Зеленский Столтенбэргт ярьсныг Украины ерөнхийлөгчийн тамгын газрын мэдэгдэлд дурджээ.

Утсаар ярьсны дараа Столтенбэрг Украины хилийн ойролцоо Оросын тал цэргийн үйл ажиллагаа явуулж буйд санаа зовж байгаагаа илэрхийлээд Украины тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлыг тууштай дэмжихээ өөрийн твиттер хуудсанд бичсэн байна.

Украин гишүүнээр элсэхэд тус улсын батлан хамгаалах салбарын стандарт NATO-гийн шаардлагад хүрэх эсэх асуудал саад болдгийг албаны эх сурвалжууд мэдээлсэн байдаг.

Оросын тал цэрэг зэвсгийн үйл ажиллагаа Украины хилийн орчимд явагдаж байгааг хүлээн зөвшөөрсөн ч энэ нь “хэнд ч аюул учруулах зорилгогүй” гэж мэдэгджээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “NATO-д элсэх нь Украины дотоод асуудлыг шийдэхэд тус болно гэдэгт бид маш их эргэлзэж байна. Бидний харж байгаагаар ингэх нь нөхцөл байдлыг улам муутгана. Тус улсын дорнод хэсэгт тусгаар тогтнолоо зарлаад байгаа олон сая хүнээс NATO-гийн гишүүнчлэлийн талаар асуухад юу гэж хариулах нь тодорхой” гэж хэлсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian