• 7 сарын 2, Бямба
Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Дөрөвдүгээр сарын 19-нөөс АНУ-ын бүх иргэн вакцинжуулалтад хамрагдах боломжтой болов

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Дөрөвдүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн насанд хүрсэн бүх америк хүн коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдах боломжтой болсныг өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден зарлажээ.

Тэрбээр өмнө нь энэ хугацааг тавдугаар сарын 1 гэж зарлаж байсан бол ийнхүү арав гаруй хоногоор урагшлуулсан байна. АНУ-ын тусгаар тогтнолын баярын өдөр буюу долдугаар сарын 4-нийг коронавирусээс салсны баяр болгох зорилтыг Байден зарлаад байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд тус улсын бүх багш, сургуулийн ажилтан, албан хаагчдын 80 гаруй хувь вакцины эхний болон хоёр дахь тунгийн аль нэгийг тариулсан болохыг Цагаан ордон мэдээлжээ.

“Бид барианд орох болоогүй байна. Хийх ажил их, үхэл-амьдралын зааг дээр байна” гэж хэлсэн Байден вакцинжуулалтыг яаравчлахгүй бол вирус мутацлагдан тарах аюул хүлээж буйг анхааруулсан байна.

Жо Байден ерөнхийлөгчийн тангараг өргөснөөсөө хойш 100 хоногийн дотор 100 сая хүнийг дархлаажуулах зорилт тавьж байсан юм. Энэ нь дөрөвдүгээр сарын сүүлээр дуусах хугацаа байв. Гэвч вакцинжуулалтыг түргэвчилснээр өнөөдөр дээрх зорилтыг хоёр дахин өсгөж, 200 сая хүнийг дархлаажуулахаар болгож өөрчилсөн юм.

Өнөөдрийн байдлаар тус улсад 167 сая тун вакциныг хүн амын дархлаажуулалтад зарцуулаад байна.

АНУ-д Pfizer/BioNTech, Moderna компаниудын хос тунт вакцин, Johnson & Johnson компанийн ганц тунт вакциныг дархлаажуулалтад ашиглаж байгаа. Pfizer/BioNTech вакциныг 16-аас дээш насныханд, бусад хоёр вакциныг 18-аас дээш насныханд ашиглах зөвшөөрлийг засгийн газраас өгсөн юм.

 

Эх сурвалж: Reuters