Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

10 жилийн хугацаанд Зэвсэгт хүчний анги байгууллагатай холбоотой 506 хэрэг гарсны 10 орчим хувь нь ажлын байранд үйлдэгджээ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо зэвсэгт хүчний анги, салбарт гарсан хүн амины гэмт хэрэг тойрсон асуудлаар нээлттэй хуралдлаа. 

Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авав. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Д.Ганзориг гэдэг хүний хандлагаар бол зэвсэгт хүчин өөдлөхгүй юм байна. Ганц удаа хуралдаад өнгөрөх биш анхаарал тавиад ажилламаар байна. Батлан хамгаалах юм уу Жанжин штабын бүлэглэл дээр утас ажлаад нэмэргүй.

Ажлын хэсэг байгуулна, сэтгэл зүй ч ажиллана гээд яах вэ? Гэмтэл учруулж, хүн хөнөөсөн хүмүүст ямар хариуцлага хүлээлгэсэн юм бэ? Хохирогчид олон байгаа. Өмнө нь хэнийг ямар байдалтай болгосон хүмүүст ямар шийтгэл оногдуулсан юм бэ гэдгийг ил болгох хэрэгтэй. Бага дарга хүн зодоход байшин, мөнгө ямар хэрэгтэй юм бэ?" гэдгийг тодруулав. 

Цагдаагийн Ерөнхий газрын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир "Цагдаагийн байгууллага цэргийн алба хаагч хохирсон хэргийн судалгааг 2017 оноос эхлэн 2020 оны нэгдүгээр улирлын байдлаар гаргасан. Үүнд 37 цэргийн алба хаагч хохирсон гэсэн мэдээлэл байна. 

16 цэргийн алба хаагч нас барсан, гэмтсэн 21 тохиолдол бүртгэгдсэн. Мөн хүний эрүүл мэндэд хохирол учруулах 8, цэргийн алба хаагчтай дүрмийн бус харьцсан нэг гэх мэт хөдөлмөрийн аюулгүй байдлаар зүйчлэгдсэн 37 тохиолдлын 15 нь шүүхийн байгууллагад шилжсэн " гэлээ. 

105 хэргийг нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон

Харин Прокурорын байгууллагаас "Прокурорын байгууллагын хэмжээнд эрүүдэн шүүх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл ажилладаг. Зэвсэгт хүчний анги байгууллагатай холбоотой 2010-2020 онд 506 хэрэгт, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. 

Өнөөдрийн байдлаар тус хэргүүдийн 92 хувийг шийдвэрлэсэн. 105 хэргийг нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. 506 хэргийн 10 орчим хувь нь ажлын байран дээр үйлдэгдсэн. Үлдсэн нь зэвсэгт хүчний алба хаагчид нийгмийн харилцаанд орох явцад үйлдэгдсэн байна. Алба хаагчдын ёс зүй сахилга хариуцлагыг дээшлүүлэх, гэмт хэрэг гарахаас өмнө урьдчилан сэргийлэх тал дээр онцгой анхаарах шаардлагатай.

Прокуророос гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зарим төрийн байгууллагуудад сургалт явуулдаг. Он гараад нийт 7 хэрэгт хяналт тавьж, хоёр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Удааширсан асуудал байхгүй" гэдгийг хэлэв. 

ВИДЕО:

https://fb.watch/4HLS3X0Vu4/