Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр хоногт COVID-19-ийн 1,000 гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж, дотоодын халдварын тоо 10,000-ыг давлаа

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 4 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
00:00 00:00
Хоёр хоногт COVID-19-ийн 1,000 гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж, дотоодын халдварын тоо 10,000-ыг давлаа
Sara, ikon.mn - text to speech

Монгол Улсын хүн амын дунд бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдол өнөөдөр 10,281-д хүрэв.

Халдварын тохиолдол сүүлийн хоёр хоногт өдөрт 600-г давж бүртгэгдлээ. Хоногийн хугацаанд бүртгэгдэж буй дотоодын халдварын шинэ тохиолдол 50 сая гаруй хүн амтай Өмнөд Солонгосын нэг өдөрт бүртгэгдэх тоотой ижил түвшинд ийнхүү очив. 

Сүүлийн гурав хоногийн хугацаанд л гэхэд Өмнөд Солонгост нийт 1,558 тохиолдол шинээр илэрсэн бол Монголд 1,493 тохиолдол батлагдсан байна. 

Тодруулбал,

Бид COVID-19-ийн дотооодод бүртгэгдэж буй халдварын тохиолдлыг 500, 500-аар нь багцалж, хэд хоногийн хугацаанд дотоодын халдвар 500 тохиолдлоор нэмэгдсэнийг тооцоолон мэдээлж буй.

Ийнхүү тооцоход сүүлийн 1,500 орчим тохиолдол ердөө гурван хоногт бүртгэгдсэн байгааг Та бүхэн харж байна.

Дотоодын халдвар 500-аар нэмэгдсэн хугацааг тооцож үзвэл,

  • Эхний 500 тохиолдол 40 өдөрт /дотоодын халдвар 500 давсан/
  • Хоёр дахь 500 тохиолдол 27 өдөрт /дотоодын халдвар 1,000 давсан/
  • Гурав дахь 500 тохиолдол  22 өдөрт /дотоодын халдвар 1,500 давсан/
  • Дөрөв дэх 500 тохиолдол 12 өдөрт /дотоодын халдвар 2,000 давсан/
  • Тав дахь 500 тохиолдол 12 өдөрт /дотоодын халдвар 2,500 давсан/
  • Зургаа дахь 500 тохиолдол 8 өдөрт /дотоодын халдвар 3,000 давсан/
  • Долоо дахь 500 тохиолдол 4 өдөрт /дотоодын халдвар 3,500 давсан/
  • Найм дахь 500 тохиолдол 4 өдөрт /дотоодын халдвар 4,000 давсан/,
  • Ес дэх 500 тохиолдол 3 өдөрт / дотоодын халдвар 4,500 давсан/
  • Арав дахь 500 тохиолдол 2 өдөрт /дотоодын халдвар нийт 5,000-ыг давлаа/
  • Арваннэг дэх 500 тохиолдол 2 өдөрт /дотоодын халдвар нийт 5,500-ыг давлаа/
  • Арванхоёр дахь 500 тохиолдол 2 өдөрт /дотоодын халдвар нийт 6,000-ыг давлаа/
  • Арвангурав дахь 500 тохиолдол 1 өдөрт /дотоодын халдвар нийт 6,500-ыг давлаа/
  • Арвандөрөв дэх 500 тохиолдол 1 өдөрт  /дотоодын халдвар нийт 7,000-ыг давлаа/
  • Арвантав дахь 500 тохиолдол 2 өдөрт /дотоодын халдвар нийт 7,500-ыг давлаа/
  • Арванзургаа дахь 500 тохиолдол 1 өдөрт  /дотоодын халдвар нийт 8,000-ыг давлаа/
  • Арвандолоо болон арваннайм дахь 500 тохиолдол 2 өдөрт /дотоодын халдвар нийт 8,500-ыг давлаа/
  • Арваннайм дахь болон арван ес дэх 500 тохиолдол 2 өдөрт /дотоодын халдвар нийт 9,000-ыг давлаа/
  •  Хорь дахь 500 тохиолдол 1 өдөрт /дотоодын халдвар нийт 10,000-ыг давлаа/

Хэрэв 1,000-аар багцалж үзвэл

  • Эхний 1,000 тохиолдол 67 хоногт,
  • Хоёр дахь 1,000 тохиолдол 34 хоногт,
  • Гурав дахь 1,000 тохиолдол 20 хоногт,
  • Дөрөв дэх 1,000 тохиолдол 8 хоногт,
  • Тав дахь 1,000 тохиолдол 5 хоногт,
  • Зургаа дахь 1,000 тохиолдол 4 хоногт бүртгэгдсэн бол сүүлийн 4,000 тохиолдол 9 хоногийн хугацаанд бүртгэгджээ.​ Энэ нь хоногт дунджаар 445 иргэн коронавирусийн халдварыг шинээр авч байна гэсэн үг.

Өнгөрсөн хоёр хоногт л гэхэд дотоодын халдвар 1,222-оор нэмэгдэж, өнөөдөр 10,200-г давсан нь энэ. 

 

Халдварын тохиолдол эрс ихэссэн тул улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 3-наас зарим үйлчилгээний байгууллагын цагийн хязгаарт зохицуулалт хийсэн билээ.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатарт 18-аас дээш насны иргэд вакцинд хамрагдаж эхэлсэн бөгөөд улсын хэмжээнд нийт 376,373 хүн коронавирусийн вакцины эхний тунгаа хийлгээд байна.

Гэсэн ч өдөрт бүртгэгдэж буй тохиолдлын тоо ийнхүү нэмэгдэхийн хэрээр нас барах эрсдэл улам нэмэгдэж буй.

Сүүлийн таван өдрийн хугацаанд зургаан хүн нас барж, коронавирусийн улмаас нас барсан хүний тоо 16 боллоо. Үүний 12-ыг нь коронавирусийн шалтгаант нас баралт бол үлдсэн 4 нь халдвар авсан ч архаг суурь өвчний улмаас нас барсан гэж мэргэжлийн байгууллага тайлбарласан.

Эмнэлгийн ачаалал ихсэж, халдвар авсан хөнгөн өвчтөнүүдийн нөхцөл байдлыг харгалзан гэрт нь эмчилж эхэлсэн. 

"Өдөрт бүртгэгдэж буй халдварын тохиолдлын 30-40 хувь нь гэрээр эмчлэгдэж байна" гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээлсэн ч өнгөрсөн 24 цагт шинээр 602 тохиолдол батлагдахад ердөө 12 хүнийг л эмнэлэгт хэвтүүлснийг Эрүүл мэндийн яамны статистик мэдээллээс харж болно.

Одоогоор халдвар авсан нийт хүмүүсээс 2,119 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 5,931 хүн эдгэрээд буй. Тэгвэл улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн 10,820 тохиолдлын 2,700 гаруй нь гэрээр эмчлүүлж байна гэж тооцож болохоор байна.

Халдварын тоо эрчимтэй нэмэгдэж байгаа энэ үед иргэд олон нийтийн газраар явахгүй, амны хаалтаа зүүж, ариун цэвэр сахихыг сануулсаар байгаа.

Коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтын явцын талаарх мэдээллийг ЭНДЭЭС харах боломжтой.

Харин халдварын тархалтын тоон болон бусад мэдээллийн ЭНД дарж үзнэ үү.