Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын LG компани алдагдалтай ажилладаг гар утасны бизнесээ хаах болсныг зарлав

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 4 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын LG Electronics компани алдагдалтай ажилладаг гар утасны бизнесээ хаах болсныг өнөөдөр буюу Даваа гарагт зарлажээ.

Тус компанийн гар утасны салбарын сүүлийн зургаан жилийн турш хуримтлагдсан алдагдал $4.5 тэрбумд хүрсэн байна.

2013 онд LG нь дэлхийн ухаалаг гар утасны зах зээлийн гурав дах том үйлдвэрлэгч болж байжээ. Гэвч сүүлийн жилүүдэд энэ салбарын бизнесийн өрсөлдөөн ширүүсч, зах зээлээ алдаж эхэлсэн байна.

Өнөөдрийн байдлаар LG нь Умар Америкийн зах зээлд гурав дахь том үйлдвэрлэгч хэвээр байгаа ч дэлхийн бусад зах зээлд байр сууриа алджээ.

Өнгөрсөн онд тус компани 28 сая гар утас зах зээлд нийлүүлсэн байна. Харьцуулбал Samsung Electronics ижил хугацаанд 256 сая гар утас нийлүүлжээ.

Өнөөдрийн байдлаар LG дэлхийн ухаалаг гар утасны зах зээлийн 2 орчим хувийг эзэлдэг. Тус компанийн таван бизнесийн салбарын хамгийн жижиг нь гар утасны салбар юм. Уг салбар компанийнхаа нийт орлогын ердөө 7.4 хувийг бүрдүүлжээ.

“LG компани өндөр өрсөлдөөнтэй гар утасны зах зээлээс гарах стратегийн шийдвэрээ гаргалаа. Ингэснээр цахилгаан автомашины эд анги зохион бүтээх, гэрийн автоматжуулалт, робот техник, хиймэл оюун ухаан зэрэг өсөх ирээдүйтэй бусад салбаруудад төвлөрч ажиллах боломж нээгдэж байна” гэж тус компанийн мэдэгдэлд өгүүлсэн байна.

 

Эх сурвалж: BBC