2021/06/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.03₮
B30
УЛААНБААТАР
17°
|
11°
B30
УЛААНБААТАР
14°
|
B30
УЛААНБААТАР
16°
|
18:00
S40
11°
19:00
S40
11°
20:00
S40
10°
21:00
S40
22:00
S29
23:00
S29
00:00
S29
01:00
S29
02:00
S29
03:00
S29
04:00
S26
05:00
S26
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/05 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Болд: Монголын Засгийн газар, Рио Тинто компанийн хэлэлцээг аль аль талдаа үр өгөөжтэй, амжилттай болно гэж итгэж байна

Ц.Баасансүрэн, Өдрийн сонин
2021 оны 4 сарын 5
Өдрийн сонин
Зураг
Эх сурвалж: Өдрийн сонин

Оюу толгой төсөл тойрсон асуудлуудаар нэг талаас Монголын Засгийн газар, хөрөнгө оруулагч талаас Рио Тинто компани хэлэлцээрийн ширээний ард суугаад байна. Хөрөнгө оруулагч талын хэлэлцээрийн багийг Рио Тинто компанийн Зэсийн группийн захирал Б.Болд, засгийг төлөөлсөн багийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ахалж буй. Рио Тинто компанийн Зэсийн группийн захирал Б.Болдтой хэлэлцээр тойрсон асуудлуудаар ярилцсанаа хүргэе.

-Оюу толгойн хэлэлцээр албан ёсоор эхэлсэн үү, урьдчилсан яриа хөөрөө л өрнөөд байна уу?

-Юуны түрүүнд Монголдоо, эх орондоо ирээд ажиллаж байгаадаа баяртай байна. Би мэдээж монгол хүн, гэр бүл, хүүхдүүд маань ч Монгол Улсын иргэд. Тиймээс миний хувьд энэ чухал ажлыг амжилттай хэрэгжүүлж, талуудын хооронд нэгдсэн байр суурийг бий болгож, яригдаад байгаа нарийн, ярвигтай асуудлуудад төвлөрч, хамтын ирээдүйг босголцохын төлөө шаргуу ажиллаж байгаа.

Хоёр талын ажлын хэсгүүд өмнө нь онлайнаар хэд хэдэн удаа хуралдсан. Миний хувьд Х.Нямбаатар сайд, сайдын ахалж байгаа ажлын хэсэгтэй нэг өрөөнд суугаад биечлэн яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр Монголдоо ирээд байна. Бид хэлэлцээнд шинэ баг бүрэлдэхүүнтэй оролцож байгаа. Бидний хувьд талуудын харилцаанд шинэ салхи оруулж, харилцааг сайжруулж, шинэчлэхийн төлөө ажиллаж байна.

Ингэхийн тулд Рио Тинтогийн зүгээс хамгийн тэргүүнд хийх ёстой зүйл бол нөгөө ажлын хэсгийн дэвшүүлж буй асуудлуудыг сайтар сонсож, ойлгож, нээлттэй хэлэлцэж, илэн далангүй ярилцаж, итгэлцлийг бий болгоход оршиж байна.

-Хэлэлцээрээс маргаантай, тохиролцоонд хүрэхэд бэрх асуудлыг онцлооч гэвэл та юуг онцлох вэ?

-Ер нь маргаантай асуудал тийм ч олон биш. Татварын асуудал бий. Тэр нь Лондоны арбитрын шүүхээр шийдэгдээд явна. Менежмэнтийн зардлын хувь, зээлийн хүүг хэрхэн яаж буулгах тухай асуудал яригдаж байгаа. Энэ бүхнийг бид ойлгон хүлээн авч ажиллана. Ногдол ашигтай холбоотой асуудал яригдаж таарна. Нэлээд нарийн төвөгтэй, энгийн хялбараар тайлбарлахад хэцүү асуудлууд. Тийм ч учраас иймэрхүү асуудлыг, Оюу толгойн талаарх бусад ойлголтуудыг илүү сайн таниулан тайлбарлах нь бидний нэг зорилго.

-Засгаас “Бусад асуудал” гэсэн тодотгол доор тодорхой саналууд оруулж ирнэ гэсэн утгатай мэдэгдэл хийсэн. Бусад асуудал гэдэг дээр яг юу ярих талаар ерөнхий багцааг Засгийн газрын ажлын хэсгээс өгсөн үү?

-Одоогийн байдлаар тодорхой санал ирээгүй байна.

-Засгийн газраас гүний уурхайн зардлын хэтрэлт дээр хөндлөнгийн шинжээч ажиллуулна гэж байгаа. Зарим эдийн засагч Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт дэлхийд шинэ гэдэг утгаараа хөндлөнгийн шинжээч олоход хэцүү гэсэн утгатай байр суурь илэрхийлж харагдсан...?

-Гүний уурхайн техникийн талын шинжээч байх учиртай. Уулын ажлын нөхцөл нь яаж өөрчлөгдсөн юм, үүнтэй холбоотойгоор шинэ гаргаж байгаа дизайн нь тохиромжтой юу үгүй юү, дахиж 15 км тунель ухах шаардлагатай байгаа эсэхийг тооцож үзнэ гэсэн үг л дээ. Товчхондоо геотехникийн л асуудал. Хөрсний сийрэгжилтийг ойлгодог хүн байх ёстой. Тийм шинжээч шалгаруулж авах нь асуудал биш байх. Засгийн газар шинжээчдээ сонгон шалгаруулна.

Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт өрнөж буй явц. 2021 оны 3-р сар

 
Эх сурвалж: Өдрийн сонин

-Хэлэлцээрийн үеэр хоёр тал ямар асуудал дээр цаг авахаар байна?

-Гүний уурхайн уулын ажлын төлөвлөгөөтэй холбоотой хөрөнгө оруулалтын асуудал ярилцах ёстой зүйлсийн эхэнд жагсаж байгаа. Гүний уурхайн бүтээн байгуулалт 80-90 хувийн биелэлттэй яваа гээд харахаар ихэнх хөрөнгө оруулалт нь хийгдэж, гол ажлуудаа нугалчихсан гэсэн үг. Ирэх жилээс гүний уурхайн олборлолт эхэлнэ. Тэр үеийн шинэ гэрээ ямар байх вэ гэдэгт анхааръя гэж байна.

Мэдээж гүний уурхайн хөрөнгө оруулалт дахиад хийгдэж, бүтээн байгуулалт нь үргэлжлээд явна. Тэр үед ямар эрсдэл гарах вэ гэдгээ ярилцаж таарах байх. Нэг том эрсдэл бол зардал. Бизнес учраас зардал нь дээш доош болж хэлбэлзэх нь тодорхой. Бизнес хийж байгаа хамтрагчид гэдэг утгаараа аль аль талдаа эрсдлээ ойлгоод цааш явах байх.

-Рио Тинто болон жижиг хувьцаа эзэмшигчдийн хооронд өрнөж буй маргаан юунаас үүдэлтэй, одоо ямар байдалтай байна вэ?

-Бид Оюу толгойн үйл ажиллагааг нийт хувьцаа эзэмшигчид болон хөрөнгө оруулагчдын өмнөөс удирдан явуулдаг. Оюу толгойн бүтээн байгуулалт, үйл ажиллагаа амжилттай үргэлжлэх нь Засгийн газар, Эрдэнэс Оюу толгой, Туркойз Хилл, Туркойз Хиллд давуу хувьцаа эзэмшдэг Рио Тинто гээд бүх талуудын ашиг сонирхолд нийцнэ гэж харж байна.

Өнгөрсөн жилийн есдүгээр сард Туркойз Хилл Ресурс, Рио Тинто хамтран зөвшилцөж, төслийн санхүүжилтийн санамж бичиг байгуулсан. Ер нь Оюу толгойн бүтээн байгуулалт, үйл ажиллагаа амжилттай хэрэгжихийг бүх талууд харахыг хүсч байгаа. Тийм ч учраас бид хамтарч ажиллана. Туркойз Хиллийн төлөөлөл ч бас Монголд бий. Засгийн газартай хийж байгаа яриа хэлэлцээнд оролцоод явна. Бид олон нийт, зах зээлд мэдээлэл хүргэх үүрэг хариуцлагаа үргэлж мөрдөж ажилладаг. Энэ үүргээ умартсан гэсэн утга агуулсан аливаа мэдэгдэл ор үндэсгүй. Онцолж хэлэхэд, Оюу толгойн хүрсэн амжилтаар бид бахархдаг.

Оюу толгойн ил уурхай Рио Тинтогийн хэмжээнд хамгийн өндөр гүйцэтгэлтэй уурхайн нэгт тооцогддог. Оюу толгойн аюулгүй ажиллагаа, ажилчдын сэтгэл ханамж ч хамгийн шилдэгт тооцогддог гэдгийг зориуд тодотгож дурдмаар байна. Оюу толгойн уурхай сая гаруй тонн зэсийн баяжмалыг зах зээлд тасралтгүй нийлүүлсэн бахдам амжилттай яваа.

-Гүний уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлтийн хэчнээн хувийг уул геологийн нөхцөл хөрснөөс үүдсэн асуудал эзэлж байгаа бол?

-2016 оны ТЭЗҮ-ийг хялбаршуулан нэг жишээн дээр тайлбарлая.

Панелчлан олборлох болон нураах тэсрэлтүүдээ жижиг жижгээр явуулъя гэсэн уулын ажлын төлөвлөгөөтэй ажилласан юм. Тэсрэлтээ жижиг хэмжээгээр хийгээд явахаар орчин, радиус нь жижиг талбайг хамарна аа даа. Тэгж ажилласан учраас дэд бүтэц нь харьцангуй гайгүй байсан. Жижиг жижгээр тэсэлсээр тунелүүдээ эргүүлж ухах гэтэл яг эргэж байгаа хэсгийн тулгуур баганынх нь хөрс сул болж таарсан. Ийм шалтгаанаар уурхайн шинэ дизайн гаргахаас аргагүй болсон. Тэсэлгээг өмнөх шиг жижиг зайд биш, томоор хийх шаардлагатай нүүр тулчихаар дэд бүтэц нь өөр болчихож байгаа юм. Агааржуулалтын хоолой, тунель энэ тэр гээд нийтдээ 10 гаруй км илүү малталт явуулахаас гадна нуралт үүсэхээс сэргийлж маш том төмөр багана хоёрыг суулгаж, хүдрийн биетээ 0, 1, 2 гээд гурав хуваахаар болсон. Биетийн чулуулаг, хатуулаг чанар сул байсан учир, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамгийн тэргүүнд тавьж зарим бэхэлгээнүүдийг сольж, тулгууруудыг нэмэх, зузаатгах зэрэг ажлыг хийсэн. Нарийн учир шалтгааныг мэдээж хөндлөнгийн шинжээчид нягтлан тогтоож “Эрдэнэс Оюу толгой” болон ТУЗ-ийн тусгай хороонд танилцуулах байх.

-Хөрсний асуудал үүсэхийг анхнаас нь мэдэж байсан мөртлөө сүүлд нь зарласан гэсэн хардлагыг зарим улстөрч хэлж байсан. Анхнаас нь мэдэх боломж үнэхээр байгаагүй юу?

-1,300 м гүнд байгаа чулуулгийн хатуужилтыг урьдчилан мэдэхэд хүндрэлтэй. Гүндээ ороод тунелийн малталт хийж байх үедээ хэвтээ өрмөөр дээж авч лабораторид шинжлүүлж байж л мэдэх боломжтой. Австралид шинжлүүлснийхээ дараа шинэ мэдээлэл дээрээ үндэслэн гүний уурхайн дизайныг шинэчлэн гаргасан. Маш их цаг, хөдөлмөр шаардсан ажил байсан л даа. Дизайн баталсны дараагийн үе шатанд өртгийн тооцоогоо нарийвчилж гаргасан.

Өөрөөр хэлбэл, чулуулгийн асуудлаас үүдэж гүний уурхайн санхүүжилтийн зардал хэдээр өсөхийг тооцоолохын тулд хугацаа зарахаас аргагүй байсан. Дахиад хэлэхэд, уулын нөхцөл хүндэрлээ, зардал 1.2-1.8 тэрбум ам.доллароор илүү гарах нь байна шүү гэдгийг урьдчилж мэдээлсэн. Дашрамд дурдахад, бидний өнгөрсөн долоо хоногт ШУТИС дээр нээсэн Геотехникийн лаборатори яг ийм шинжилгээг Монголдоо хийх нөхцөлийг бүрдүүлж байгаа. Бид өмнө нь иймэрхүү төрлийн шинжилгээгээ Австрали руу явуулж шинжлүүлдэг байсан бол ШУТИС-д нээсэн лабораторид энэ бүхнийг шинжлэх боломж бүрдчихлээ. Метро барих, байшин цутгах гээд том бүтээн байгуулалтуудад маш хэрэгтэй лаборатори.

-Оюу толгой тойрсон асуудлууд дээр улстөржилт их байдаг учраас улс төр чигийн хардлагуудыг тодруулж байр суурийг тань сонсох гээд байгааг ойлгоорой. Зардлаа өсгөх нь өөрсдөд нь ашигтай учраас хөрөнгө оруулагч тал зардлаа өсгөөд байна гэсэн хардлагыг зарим улстөрч хэлж байгаа харагдах юм...?

-Бид гүний уурхайн зардал нэмэгдсэн, анхлан төлөвлөсөн хугацаанаас хоцрохоор болсон тухай мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Оюу толгойн үр өгөөж талуудад хэрхэн хуваарилагдахыг шинээр харах шаардлагатай, зүй ёсны хэрэг гэж бид үзэж байна. Засгийн газар энэ асуудалд сэтгэл дундуур, болгоомжлолтой хандаж яваа гэдгийг маш сайн ойлгож байгаа. Тийм ч учраас бид яриа хэлэлцээ хийхдээ Засгийн газрын санаа бодлыг илүү сайн сонсож ойлгохыг хичээн ажиллана.

-Хөрөнгө оруулагч талаас Оюу толгой төсөлд хэчнээн ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн, хэд нь татвар хураамж бусад хэлбэрээр Монголын эдийн засагт шингэж үлдсэн бэ гэсэн асуултаар ярилцлагаа үргэлжлүүлье?

-Хөрөнгө оруулагч тал 2009 оноос хойш 11 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсны 2.9 тэрбум ам.доллар нь улсад төлсөн татвар, хураамжууд. За тэгээд бэлтгэн нийлүүлэгч, ажилчдын цалин хөлс гэх мэтийн төслийн дам нөлөөг тооцвол Оюу толгой төсөлд оруулсан 11 тэрбум ам.долларын ойролцоогоор 8 тэрбум нь Монголын эдийн засагт уусаад шингэчихсэн гэж хэлж болно. Товчхондоо Оюу толгойн хөрөнгө оруулалт орсноороо манай улсын эдийн засаг энэ хэмжээгээр тэлсэн болов уу. Ингээд харахаар “Яасан их мөнгө зарцуулдаг юм бэ” гэж шүүмжлэх нь өрөөсгөл болчихож байгаа юм. Илүү мөнгө зарцуулах хэрээр улсад илүү татвар төлж байгаа. Энэ хөрөнгийг анх төсөл эхлэхэд Рио Тинто болон олон улсын хөрөнгө оруулагчид бүхэлд нь гаргасан. Засгийн газрын зүгээс Эрдэнэс Оюу Толгой компаниар дамжуулан хувь эзэмшсэн боловч ямар ч хөрөнгийг шууд гаргаагүй.

Өнөөг хүртэл Оюу толгойн орлого ашиг энэ анхны хөрөнгө оруулалтыг буцаан төлөхөд биш, харин Оюу толгойн ил уурхайн үйл ажиллагааг үргэлжлүүлэх, гүний уурхайг барьж байгуулахад бүрэн зарцуулагдаж ирсэн. Өөрөөр хэлбэл, Оюу толгойн орлого ашиг нь эргээд Монголдоо болон Оюу толгойдоо зарцуулагдаж байгаа.

-Оюу толгой татварт жар, далан саяыг өгдөг байж 250-350 сая ам.доллар төлдөг гэж мэдээлээд байх юм гэх шүүмжлэлд та ямар тайлбар өгөх вэ?

-Оюу толгой 2010 оноос хойш нийт 2.9 тэрбум ам.доллар буюу жил бүр 250-300 сая ам.долларын татвар төлсөөр ирсэн. 60 гаруй сая нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр. Үүний цаана НӨАТ, суутган татвар, хувь хүний орлогын албан татвар гаалийн хураамж гэх мэтийн олон төрлийн татвар хураамж бий.

Уул уурхайн компани НӨАТ-ын буцаан олголт авдаггүй. НӨАТ гэхэд л зардалтай холбоотой ажил. Хөрөнгө оруулагч тал зардал гаргахгүй бол НӨАТ төлөхгүй. НӨАТ-аа яагаад тооцоод байгаа юм гэсэн шүүмжлэл дуулддаг л даа. Орлого байхгүй, зардлаа л хийж байгаа болохоор НӨАТ-аа тооцохоос аргагүй.Өнгөрсөн жилд НӨАТ гэж төсөвт 150 орчим сая ам.доллар төлсөн байгаа. Таны асуугаад байгаа хэмжээний тухайд үлдсэн нь бусад татвар байдаг.

-Рио Тинто заавал менежмэнт хийх албагүй, Оюу толгойн удирдлагууд өөрсдөө хийгээд явчих бололцоотой, тийм учраас менежмэнтийн төлбөрийг тэглэх боломжтой гэсэн байр суурь дуулддаг. Тийм боломж бий юү?

-Оюу толгой бол үнэхээр нүсэр, өдөрт 12.000 хүн өдөр, шөнийн ээлжээр ажиллаж байдаг уурхай. Өдөр тутам 300.000 тонн хөрс хөдөлгөж зөөвөрлөн боловсруулж, үүнээсээ ойролцоогоор 2-3 тонн зэсийн баяжмал гаргаж байна. Ил уурхайн олборлолт, үйл ажиллагааг тасралтгүй явуулахын зэрэгцээ гүний уурхайгаа барьж байгуулж байгаа. Газрын гадаргуугаас 1,350 метрийн гүнд 200 гаруй километрийн урттай, том жижиг олон төрлийн хонгил, тунелийг холбогдох дэд бүтцийнх нь хамт байгуулж яваа. 1,350 метрийн гүн дэх бутлуур л гэхэд долоон давхар байшинтай дүйцэхүйц өндөртэй асар том төхөөрөмж угсарсан байх жишээний. Ил уурхайн олборлолт, гүний уурхайн бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлж, 12 мянган хүний аюулгүй ажиллагааг өдөр тутам хангаж, удирдан зохион байгуулна гэдэг амар ажил биш.

Үүний тулд уул уурхайн тусгай мэдлэг, техникийн чадвар, туршлага, нарийвчлан боловсруулсан үйл ажиллагааны системүүд байх шаардлагатай. Тийм учраас Оюу толгой шиг том хэмжээний уурхайг аюул осолгүй барьж байгуулж, үйл ажиллагааг нь хангахын тулд шаардлагатай туршлага, чадвар, технологи бүхий хамтрагч хэрэгтэй. Түрүүн хэлсэнчлэн өнөөгийн байдлаар Оюу толгой Рио Тинто группийн олон арван уурхай дотроос аюулгүй ажиллагаагаараа тэргүүлж байна. Рио Тинтогийн менежмэнтийн дагуу Оюу толгойн зэсийн баяжмалыг өндөр сайн үнээр борлуулах хэлэлцээг хийж, уурхайг хамгийн үр ашигтай ажиллуулж, байгаль орчны өндөр стандартыг ханган ажиллах боломжтой болж байгаа. Энэ мэтээр менежмэнт, удирдлага зохион байгуулалтаар хангаж, 150 гаруй жилийн турш хөгжүүлж ирсэн технологи, мэдлэг туршлагыг нь бид ашиглаж байгаа учраас Рио Тинто тодорхой хувиар менежмэнтийн төлбөр авдаг.

-Засгийн газраас менежмэнтийн төлбөрийг бууруулах гэх мэтээр яг таг санал тавьсан зүйл бий юү?

-Ер нь бол Оюу толгойгоос Рио Тинтод менежментийн төлбөрт төлж байгаа мөнгөн дүн нь төсөлд зарцуулагдаж буй хөрөнгө зардлын багахан хэсгийг л эзэлдэг. Засгийн газрын зүгээс менежмэнтийн төлбөрийн талаар асуудал дэвшүүлж байгаа. Бидний хувьд тэр бүхнийг нь ойлгон хүлээн авч ажиллана.

-Рио Тинтогийн олон улсын 20 орчим банк, санхүүгийн байгууллагаас авсан 4.4 тэрбум ам.долларын зээлийн өрийн үлдэгдэл, хугацааны талаар тайлбар хэлээч?

-2015 оны 12 дугаар сард Улаанбаатар хотноо Рио Тинто, Туркойз Хилл, Эрдэнэс Оюу толгой компаниуд болон зээлдүүлэгчдийн төлөөлөл гүний уурхайн бүтээн байгуулалтын 4.4 тэрбум долларын санхүүжилтийн багцад гарын үсэг зурсан. Энэ төслийн санхүүжилтийг одоогоор бүхэлд нь гүний уурхайн бүтээн байгуулалтад зарцуулсан. Үүний ачаар гүний уурхайн бүтээн байгуулалт өрнөж, мянга мянган монгол залуус, олон зуун дотоодын компани, бизнес эрхлэгчид гүний уурхайн бүтээн байгуулалтад оролцоод явж байна. Төслийн санхүүжилтийн багцын эргэн төлөгдөх хугацаа нь 12-15 жил тодруулж хэлбэл, 2027-2029 онд таарч байгаа.

Зураг
x