Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

Эртний хаад, хатадын 22 ширхэг мумми Египет улсын нийслэлийн гудамжинд парад жагсав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт Египет улсын засгийн газар эртний хаад, хатадын 22 ширхэг мумми буюу занданшуулсан шарилыг нийслэл Кайр хотын гудамжаар тээвэрлэж, шинэ музейд залсан байна.

Цуваанд 18 хаан, дөрвөн хатны муммиг тээвэрлэж явжээ.

Тэдгээрийг Тахрирын талбай дахь Египетийн музейгээс гаргаж, Кайр хотоос 5 км зайтай Фустат хот дахь Египетийн Соёл Иргэншлийн Үндэсний Музейд хүргэжээ.

Мумми бүрийг доргионоос хамгаалагдсан тусгай шилэн хоргонд байрлуулж, сүйх тэрэг шиг хэлбэртэй болгож зассан унаанд ачсан байна.

Олон сая ам.доллар зарцуулсан энэхүү үйл ажиллагааг Египетийн засгийн газар давхар өөрийн баялаг түүхийг олон нийтэд сурталчлахад ашиглажээ.

Мумминуудыг он цагийн дарааллаар нь тээвэрлэсэн байна. Хамгийн эртний мумми нь нийтийн тооллын өмнөх 16 дугаар зуунд дайснууддаа алагдсан Секененрэ Тао хааных байжээ.

Уг арга хэмжээг үзэхээр Кайр хотын гудамжинд олон мянган хүн цугларсан байна.

Мөн Кайр хотоос гадна байгаа хүмүүст зориулан үйл ажиллагааг интернэтээр шууд дамжуулжээ. Мумминуудыг шинэ музейд байрлуулсны дараа дөрөвдүгээр сарын 18-наас хүмүүст үзүүлж эхлэх юм байна.

Эх сурвалж: Business Insider