Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Ганбат: АН-ын 1,400 гишүүн намын найм дахь даргаар сонгогдсон О.Цогтгэрэлийг ёсчлон батлах Их хуралд маргааш оролцоно

Т.Саран, iKon.mn
2021 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ардчилсан намын ээлжит бус Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгээс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Э.Ганбат “Ардчилсан намын даргын сонгуулийг үндсэн дүрмийн дагуу 2021 оны 3 дугаар сарын 12-28-ны хооронд дотоод сонгуулийн хороо амжилттай зохион байгуулсан. Уг сонгуульд АН-ын 74 мянган гишүүн оролцож, цаасаар саналаа өгсөн байна. Нийт санал өгсөн гишүүдийн 55 хувийн санал авч, О.Цогтгэрэл ялалт байгуулсныг дотоод сонгуулийн хорооноос албан ёсоор зарласан.

Иймээс намын Их хурал зохион байгуулж, О.Цогтгэрэлийг батламжлах ёстой. Намын даргыг ёсчлон батлах хурлыг 3 дугаар сарын 11-ний ҮБХ-ны ээлжит бус хурлаас 4 дүгээр сарын 3 гэсэн товыг зарласан. Иймээс 21 аймаг 9 дүүрэг, 330 сумаас АН-ын гишүүд Их хуралд биечлэн оролцохоор хүрэлцэн ирээд байна.

АН-ын 1,400 гишүүн найм дахь намын даргаар сонгогдсон О.Цогтгэрэлийг ёсчлон батлах Их хуралд маргааш оролцоно. Коронавирусийн цар тахлын үед 1,400 хүний бүрэлдэхүүнтэй хурал болох гэж байгаа нь манай намын үндсэн дүрэмтэй холбоотой. АН өнгөрсөн оны 12 дугаар сард болсон хурлаараа үндсэн дүрэмдээ өөрчлөлт оруулж, Дээд шүүхэд өргөн барьсан боловч бүртгэж аваагүй.

Үндэслэл нь намын дүрэмд цахимаар Их хурал зохион байгуулах зохицуулалт байсангүй гэж үзсэн. Тиймээс бид энэхүү асуудлыг шийдвэрлэх үүднээс Их хуралд төлөөлөгчдийг цахимаар биш биечлэн оролцуулахаар ҮБХ-ноос шийдвэрлэсэн. Коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү Их хурлыг танхимд биш задгай талбайд зохион байгуулна.

Их хуралд оролцож байгаа төлөөлөгчдийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулж, хуралд оролцох гишүүдийн халууныг үзэж, тусгай халдваргүйтгэлээр дэглэмийг маш сайн баримталж ажиллана” гэлээ.

336 сум, 171 нэгж хорооноос төв ардчилсан намд бичиг ирсэн

Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Б.Ган-Очир “Их хурал ээлжит болон ээлжит бус гэж байна. Ээлжит бус их хурлын чанар нь ээлжит хуралтайгаа адилхан байдаг. Бид өмнө нь 10 дугаар Их хурлаа хийсэн. Асуудлыг дээд шүүх бүртгээгүй учраас тус хурал зүй ёсоор болж өнгөрсөн. Халдвар хамгааллын дэглэм, хоорондын зай барих гээд бусад асуудалд бид мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллана.

336 сум, 171 нэгж хорооноос төв ардчилсан намд бидний явуулсан сунгаа хүчинтэй талаарх бичиг ирсэн. С.Эрдэнэ даргын АН гэж байхгүй хэмээн бичсэн байсан. Намын гишүүдийн хувьд С.Эрдэнэ дарга биш болж хувирсан нь өнгөрсөн оны УИХ-ын сонгуульд АН ялагдаад 11 суудал авсантай холбоотой гэж бичиж ирүүлсэн байна. 

Бид намын дүрэмд заасны дагуу сунгаагаа явууллаа. С.Эрдэнэ даргын явуулсан сунгаанд хэдэн хүн орсон бэ? Гурав, дөрвөн мянга хүн санал өгсөн юм шиг байна. Үүнийг 30 мянга гэж ярьж байсан. Бидний явуулсан сунгаанд намын даргаар сонгогдсон хүн 41 мянган хүний санал авч, нийт 74 мянган сонгогч оролцсон” гэв.