Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Осака хот Токио 2020 олимпын бамбарын буухиаг тасалдуулж магадгүй болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Японы Фүкүшима мужаас Токио 2020 зуны олимпын наадмын бамбарын буухиа эхэлсэн юм.

Нийтдээ 10,000 орчим хүн олимпын бамбарыг тус улсын 47 мужаар буухиалан аялуулж, 121 хоногийн дараа наадмын нээлтийн ёслол болох цэнгэлдэх хүрээлэнд хүргэх ажээ.

Гэвч коронавирусийн цар тахлын нөхцөл байдал бамбарын буухианд саад болж магадгүй байна. Өнөөдөр Осака мужийн захирагч Хирофүми Ёшимүра бамбарыг Осака хотоор аялуулах төлөвлөгөөг цуцалж болзошгүй байгааг мэдэгджээ.

Учир нь сүүлийн өдрүүдэд Японы баруун эргийн томоохон хот Осакад коронавирусийн халдварын тохиолдол огцом нэмэгдсэн юм. Лхагва гарагт тус хотод 599 тохиолдол нэмэгдсэн нь өмнөх өдрийн 432 тохиолдлоос огцом өссөн хэрэг байв.

Нэгдүгээр сарын 8-нд тус хотод 654 тохиолдол бүртгэгдсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болж байжээ.

Байдал энэ хэвээр үргэлжилбэл энэ үзүүлэлтийг ойрын өдрүүдэд давах магадлал өндөр байна.

Токио 2020 наадмын бамбар дөрөвдүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Осака хотоор аялах хуваарьтай юм. “Миний бодлоор Осака хотоор бамбар буухиалах ажиллагааг цуцлах шаардлагатай. Гэхдээ би энэ асуудлаар Осака хотын удирдлагуудтай ярилцана” гэж Ёшимүри өнөөдөр сэтгүүлчдэд мэдэгджээ.

Тэр бас Токио 2020 наадмын зохион байгуулах хорооныхонтой уг асуудлаар ярилцах гэнэ.

Наадмыг зохион байгуулагчид бамбарыг буухиалах зам дагуу зогсох үзэгчдэд амны хаалт зүүж, хоорондын зай барих, вирус тараахгүйн тулд чанга хашхирахгүй байх шаардлага тавьж байгаа.

Одоогоор бамбарын буухиатай холбоотой вирусийн халдвар тарсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа юм. Өнөөдөр бамбарыг буухиалж байгаа Нагано мужийн зарим хэсэгт зам дагуу үзэгчид цугларахыг хориглосон байна.

 

Эх сурвалж: Reuters