Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хурдацтай хөгжилд нийцсэн хууль дүрэм, эрх зүйн орчин хэрэгтэй байна

ikon.mn
2021 оны 4 сарын 1
Сурталчилгаа
Зураг зураг

Juniper олон улсын судалгааны байгууллагаас 2024 он гэхэд дижитал банкны хэрэглэгчдийн тоо дэлхий даяар 3.6 тэрбумаас давна гэсэн тооцоог гаргажээ. Мэдээж хэрэг, банк санхүүгийн байгууллагууд асар эрчимтэйгээр цахим шилжилт хийж буй нь дээрх харилцагчдын тоо ирэх гуравхан жилийн дотор 50 гаруй хувиар өснө гэх тэдний тооцооллын үндэс болсон байж таарна. Тэгвэл манай улсад цахим шилжилт хэр хурдацтай явагдаж байна вэ?

Дэлхий дахиныг хамарсан Ковид-19 цар тахлаас үүдэлтэйгээр хөл хориог удаан хугацаагаар тогтоосон нь эдийн засаг хумигдахад нөлөөлж, иргэд аль болох гэрээсээ гарахгүйгээр бизнесээ энгийн үеийнх шигээ үргэлжлүүлэх, орлого олох, үйлчилгээ авах, хүүхдүүд сурч боловсрох боломжийг эрэлхийлэхээс өөр аргагүйд хүрсэн нь улс даяар цахим шилжилт хийх шаардлагыг зүй ёсоор буй болгож байна. Цахим шилжилтийн зорилго нь иргэн бүрд хурдан, найдвартай, үр дүнтэй үйлчилгээ үзүүлэх явдал байдаг. Тиймээс ч УИХ, Засгийн газраас цахим үндэстэн болох зорилт дэвшүүлж, эхний ээлжинд төрийн үйлчилгээг E-Mongolia аппликэйшнд нэгтгээд байгаа. Хувийн хэвшлүүдийн зүгээс ч технологид суурилсан олон шийдлийг хөгжүүлэн, иргэдийн амьдралыг илүү хялбар, тав тухтай болгохын төлөө зорьж, чамгүй амжилттай ажиллаж байна. Тухайлбал, гар утсаа ашиглан блокчэйн технологид үндэслэсэн крипто валют, секюрити токены арилжаанд  дэлхийн хаанаас ч цаг хамаарахгүйгээр оролцох шинэ боломж монголчууд бидэнд нээгдсэн нь гайхалтай шинэ дэвшил байлаа. Ингэснээр, гэртээ бага насны хүүхдээ харж буй эхчүүд, гадаадад болон алслагдсан бүс нутагт амьдарч буй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гээд хэний ч хувьд хөрөнгийн зах дээр арилжаанд тэгш оролцож, санхүүгийн мэдлэгээ тэлж, гэрээсээ мөнгөө өсгөх гайхалтай гарц нээгдсэн билээ.

Одоо гол нь, Ковид-19 цар тахлын улмаас бизнес загварууд асар хурдан өөрчлөгдөж буйтай уялдуулан шийдвэр гаргагчдын зүгээс технологийн компаниудтай хамтран ажиллаж, зарим цахим платформыг эдийн засгийн өсөлтийг дэмжихэд бодлогын түвшинд ашиглах зэргээр цахим шилжилтийг илүү эрчимжүүлэх шаардлага тулгарч байна. Товчхондоо, хурдацтай хөгжилд нийцсэн хууль дүрэм, эрх зүйн орчин хэрэгтэй байна. Учир нь, өнөөдрийн цахим эринд хуулийн хүрээнд хязгаарлагдмал нөхцөлүүд үүсгээд буй уламжлалт бизнест ашиглагддаг зарим дүрэм журмаа өөрчлөхгүй бол иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлж, эдийн засгаа өсгөх үйл явц удааширч, зарим тохиолдолд бүр гацаа үүсгээд буй нь нууц биш билээ.

 

Ж.Баярхүү

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.