Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хүний алдаанаас шалтгаалан Johnson & Johnson компанийн 15 сая тун вакцин хаягдал болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Балтимор хот дахь вакцины үйлдвэрт гарсан алдааны улмаас нийт 15 сая орчим тун вакцин гологдол болсон тухай Нью Йорк Таймс сонин мэдээлжээ.

Emergent Biosolutions компанийн энэ үйлдвэр Johnson & Johnson болон AstraZeneca компаниудын вакциныг үйлдвэрлэж байгаа юм байна.

Дээрх мэдээнд өгүүлснээр үйлдвэрийн ажилчид орц найрлагыг нь буруу тохируулснаас ийм хэмжээний Johnson & Johnson вакцин хаягдал болжээ.

АНУ-ын Хүнс, Эмийн хэрэг эрхлэх газар алдаа гарсан шалтгааныг тодруулахаар үйлдвэрт шалгалт оруулсан байна. 

Алдааны улмаас J&J компаниас АНУ-ын засгийн газарт ээлжит вакцин нийлүүлэх хугацаа хойшлогдох нь тодорхой болжээ. Өмнө нь нийлүүлсэн багц вакцинд энэ алдаа нөлөөлөхгүй юм байна.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден тавдугаар сарын сүүлчээр бүх насанд хүрсэн иргэдээ дархлаажуулах хэмжээний вакцины нөөцтэй болох амлалт өгөөд байгаа.

J&J компанийн вакцинд АНУ-ын засгийн газар хоёрдугаар сарын 27-ны өдөр яаралтай горимд хэрэглэх зөвшөөрөл олгосон юм. 2021 онд тус компани нийтдээ нэг тэрбум тун вакцин үйлдвэрлэх зорилт тавьжээ.

Энэ зорилтыг биелүүлэхийн тулд Emergent Biosolutions компанийн гэрээт үйлдвэр 2020 онд 700 орчим шинэ ажилчин нэмж авсан юм байна. Үйлдвэрлэлийн гологдол гарсан тухай мэдээ нийтлэгдсэний дараа Emergent компанийн хувьцааны ханш 5 хувиар унажээ.

 J&J компанийн вакцин нь ганц тунгаар дархлаа тогтоодог, ердийн хөргөгчинд олон сарын хугацаагаар хадгалах боломжтой зэрэг давуу талуудтай юм.

 

Эх сурвалж: Business Insider