Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

"ЦЕГ-ын дарга Д.Мөрөн 2000 онд “Сонгуулийн маргааш энэ хэрэг илэрнэ” гэж хэлээд тэр үеийн МАН 74 суудал авч байлаа"

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар С.Зоригийн амь насаа алдсан хэрэгтэй холбоотой хэргийн бичлэгүүдийг нууцаас гаргасан гэж жиргэсэн байна.

Үүнийг нууцаас гаргах чухал ач холбогдолтой. Энэ хэргийг олон жил улстөржүүлж ирсэн. Нууцаас гаргаснаар энэ хэрэг шийдэгдэх болов уу гэж бодож байна.

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хуулийнх нь дагуу сулламаар байна.

1998 онд энэ хэрэг гарснаас хойш олон удаа шоу хийсэн. ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан Д.Мөрөн 2000 оны сонгуулийн өмнө “Сонгуулийн маргааш энэ хэрэг илэрнэ” гэж хэлээд тэр үеийн МАН 74 суудал авч байсан.

Энэ завсар 2003 онд Д.Энхбат гэдэг хүнийг францаас авчирч эрүүдэн шүүсэн. Өөр зүйл болоогүй. Сүүлд 2015 онд энэ хэдэн хүнийг сэжиглэж, мөрдөн мөшгиж эхэлсэн.

Энэ хэргийг өмнөх Засгийн газрууд яагаад илрүүлээгүй вэ гэдгийг ард түмэн асууж байна.

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг ид шалгаж байх үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Засгийн газрын тэргүүн нь Ч.Сайханбилэг, Шадар сайд У.Хүрэлсүх, Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Дорлигжав, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, шоронгийн дарга нь Б.Билэгт, УДШ-ийн ерөнхий шүүгч нь Ц.Зоригт байсан" гэв.