Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

АХБ цар тахлын эсрэг арга хэмжээг дэмжих $100 саяын хөнгөлөлттэй зээлийг Монгол Улсад олгохоор болжээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Азийн Хөгжлийн Банк (АХБ) Монгол Улсын эрүүл мэндийн салбар болон коронавируст (КОВИД-19) цар тахлын эсрэг авч буй хариу арга хэмжээг дэмжихэд чиглэсэн 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг гуравдугаар сарын сарын 30-ны өдөр баталжээ.

АХБ-ны Зүүн Азийн газрын дарга Жеймс Линч “КОВИД-19 болон шинээр гарч буй халдварт өвчнүүд Монгол Улсад эмзэг тусч байна. Халдварын тоо эрс нэмэгдэх нь хорио цээрийн байгууламж, шаардлагатай тоног төхөөрөмж, эм бэлдмэл болон бусад нэн хэрэгцээтэй нөөцийг хомсдолд оруулж, эрүүл мэндийн тогтолцоонд сөргөөр нөлөөлөх юм. “Энэхүү төслөөр эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлж, ирээдүйд эрүүл мэндийн салбарт тохиох хямралын эсрэг хариу арга хэмжээ авах Монгол Улсын бэлэн байдлыг сайжруулахад дөхөм болох дунд хугацааны шинэчлэлийг эрчимжүүлнэ” гэжээ.

КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх онцгой байдлын хатуу арга хэмжээнүүдийг Монгол Улсын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд дотоодын тархалтыг тодорхой хугацаагаар хойшлуулж чадсан хэдий ч нийт хүн амын 60 орчим хувь нь халдвар авах өндөр эрсдэлтэй байна гэсэн Засгийн газрын тооцоо гарчээ. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын 2017 онд хийсэн үнэлгээгээр Монгол Улсын цар тахлын бэлэн байдлын суурь чадавхи хязгаарлагдмал байгаа гэж дүгнэсэн нь тус улс КОВИД-19 буюу үүнтэй ижил төстэй цар тахлын тохиолдол эрс нэмэгдэхэд бэлэн биш байгааг харуулж байна.

Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоонд эмийн зохицуулалтыг яаралтай шинэчлэх шаардлага бий. Монгол Улсад хэрэглэж буй нийт эмийн 10.1% нь стандартын шаардлага хангаагүй,  4.3% нь бүртгэлгүй, 0.8% нь хуурамч байгаа нь дэлхийд дээгүүрт орж байна. Монгол Улсын төвлөрсөн бус эмийн зохицуулалт болон эмийн салбарын үр ашиггүй байдал нь КОВИД-19-ийн вакцинжуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд томоохон саад учруулж байгаа юм.

Тус төсөл нь шинэчлэлийн дөрвөн чиглэлд төвлөрөх болно, үүнд: эрүүл мэндийн салбарын төлөвлөлт, бэлэн байдлыг бэхжүүлэхийн зэрэгцээ нэн шаардлагатай эм, яаралтай тусламжийн хангамжийг бий болгох; дотоодын эмийн зохицуулалтыг сайжруулах, эмнэлгийн бие даасан байдал, сайн засаглалыг бэхжүүлэх; үр ашгийг дээшлүүлэх зорилгоор эрүүл мэндийн салбарын худалдан авалтыг сайжруулах, эрүүл мэндийн үйлчилгээний худалдан авалтыг төвлөрүүлэх; мөн ойрын 3-5 жилийн хугацаанд улсын төсвийн тогтвортой байдлыг хамгаалах зэрэг чиглэлд төвлөрнө.

Эрүүл мэндийн салбарын төлөвлөлтийн чадавхи, бэлэн байдлыг бэхжүүлэхийн тулд Засгийн газраас эрүүл мэндийн онцгой нөхцөл байдлын үед олон салбар, зохион байгуулалтын бүтцийг уялдуулан зохицуулах ослын удирдлагын нэгдсэн системийг хөгжүүлэх юм. Мөн Засгийн газраас гамшгийн үеийн мэдээлэл солилцоог хөнгөвчлөх салбар дундын удирдлагын мэдээллийн санг бий болгоно.

АХБ нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарт олон жилийн турш үйл ажиллагаа явуулсан гол түншүүдийн нэг юм. 1993 оноос хойш тус банкнаас хийсэн хөрөнгө оруулалт нь Монгол Улсын Их Хурлаар баталсан хууль тогтоомж, тэргүүлэх ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтын төслүүдийн хүрээнд эрүүл мэндийн тогтолцооны нэн чухал шинэчлэлүүдийг хийхэд Засгийн газарт дэмжлэг үзүүлж ирсэн.

КОВИД-19 цар тахлын үед АХБ-наас Монгол Улсад цогц тусламж дэмжлэг үзүүлж байна. Үүнд:

  • эрүүл мэндийн яаралтай тусламжийн тоног төхөөрөмж худалдан авахад зориулсан буцалтгүй тусламжийн төслүүд, эрүүл мэндийн салбарын халдварт өвчний хяналтыг дэмжих 30 сая ам.долларын зээл
  • ядуу, эмзэг бүлгийн иргэдэд хүрэх нийгмийн халамжийг сайжруулах зорилгоор энэ оны 3 дугаар сард баталсан 73 сая ам.долларын зээл
  • эмзэг бүлгийн нийгмийн хамгааллын арга хэмжээг бэхжүүлэхэд зориулсан 26.4 сая ам.долларын зээл
  • гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэх техникийн туслалцаа зэргийг дурдаж болно.

АХБ-наас КОВИД-19 цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй цогц арга хэмжээний хүрээнд эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулах, цар тахлын улмаас бий болсон эрүүл мэнд, нийгмийн хамгааллын хэрэгцээг шийдвэрлэхэд чиглэсэн Монгол Улсын Засгийн газрын хариу арга хэмжээг дэмжих зорилгоор 100 сая ам.долларыг олгосон. Ази, Номхон далайн вакцины хүртээмжийг дэмжих АПВАКС хөтөлбөрөөс санхүүжүүлэх вакцинжуулалтын төслийг мөн хэлэлцэж байна гэж АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас мэдээллээ.