Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч Жо Байден АНУ-ын эдийн засагт $2 их наядын хөрөнгө оруулах саналаа танилцууллаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден улс орныхоо эдийн засагт $2 их наядын хөрөнгө оруулах санал боловсруулснаа танилцуулжээ.

Америкийн дэд бүтцийг шинэчлэх уг аварга төсөл нь давхар Хятад улсын эдийн засгийн хурдтай өсөлтийн хариуд авах арга хэмжээ юм байна.

“Энэ бол хүний амьдралд ганц тохиох том хөрөнгө оруулалт. Тиймээ, энэ бол маш том, маш зоригтой төсөл. Бид үүнийг хэрэгжүүлж чадна” гэж Байден өчигдөр Питтсбург хотод үг хэлэхдээ мэдэгджээ.

Тэрбээр хоёр сарын дотор хоёр дахь удаагаа их наядаар хэмжигдэх эдийн засгийн төсөл санаачилж байна. Өмнө нь Байден цар тахлын улмаас хямарсан Америкийн эдийн засгийг дэмжих $1.9 их наядын хөтөлбөр санаачилж, конгрессоор дэмжүүлээд хэрэгжүүлж эхэлсэн юм.

Хоёр дахь хөтөлбөрт нь АНУ даяар зам тээврийн дэд бүтцийг шинэчлэх, эрчим хүчний салбарыг байгальд ээлтэй болгон хувиргах, ард иргэдэд зориулсан нийгмийн үйлчилгээнүүдийг сайжруулах зэрэг ажлууд багтжээ.

Байдены санал АНУ-ын конгресст томоохон маргаан үүсгэх төлөвтэй байна. Хууль тогтоогчдын ихэнх нь Америкийн эдийн засагт хөрөнгө оруулалт хэрэгтэйг ойлгож байгаа ч хөрөнгө оруулалтын хэмжээ, агуулгын тал дээр санал зөрөлдөх нь тодорхой байгаа.

Мөн консервативууд, бизнесийн бүлэглэлүүд хөрөнгө оруулалттай холбоотойгоор татвар нэмэгдэхээс болгоомжилж байна.

“Хэрвээ татварын ачаалал нэмэгдэж, улсын өрийн хэмжээ олон их наядаар өсөх бол энэ төсөл дэмжигдэх магадлал бага” гэж сенатын цөөнхийн бүлгийн дарга, Бүгд Найрамдах намын сенатор Мич Макконел мэдэгджээ.

Жо Байден сонгогдохдоо Америкийн баячуудаас авах татварыг нэмэх амлалт авч байсан ч одоогоор хэрэгжүүлэх санаа яригдахгүй байгаа. Компанийн ашгийн татвар одоогийн 21 хувиас 28 хувь болж өсөх магадлалтай байна.

Гэхдээ Байден татварын өсөлт нь цөөн баячуудаас ихийг авахдаа гол нь биш, цар тахлын улмаас үүссэн ядуурал, орлогын тэгш бус байдлыг бууруулах зорилготой гэж тайлбарлаж байгаа юм.

Мөн дэд бүтцийн төсөл нь ирэх найман жилийн хугацаанд хэрэгжиж, зардал нь жигд хуваарилагдах тул урт хугацаандаа АНУ-ын үндэсний өрийг нэмэгдүүлэхгүй гэж тайлбарлаж байна.

Төсөлд тусгаснаар $621 тэрбумыг зам, гүүр, боомт, нисэх буудлуудыг засварлан шинэчлэхэд, $174 тэрбумыг цахилгаан автомашины дэд бүтэц байгуулахад зарцуулахаар төлөвлөжээ.

Энэ хүрээнд 2030 онд АНУ даяар цахилгаан автомашиныг цэнэглэх сүлжээ бий болох юм байна.

$400 тэрбумыг өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг асран халамжлах үйлчилгээ бий болгоход зарцуулахаар төлөвлөжээ.

$213 тэрбумыг хямд өртөгтэй орон сууцны бүтээн байгуулалт, тэдгээрийн дэд бүтцийг бий болгоход зарцуулахаар тусгасан байна. Ингэхдээ Африк гаралтай болон Испани хэлтэн иргэдийн амьдралын түвшнийг дээшлүүлж, эдийн засгийн тэгш бус байдлыг бууруулах зорилго тавьжээ.

 

Эх сурвалж: Reuters