Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн 10 хоногт эрүүл мэндийн 16 байгууллагын 32 ажилтан халдварт өртжээ

Г.Номин, iKon.mn
2021 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Өнөөдрийн байдлаар 0-17 насны хэчнээн хүүхэд халдвар аваад байгаа вэ. Халдвар авсан хүүхдүүдийн биеийн байдлын талаар тодруулж өгнө үү?

- Өнөөдрийн байдлаар 0-17 насны 1,620 хүүхэд коронавирусийн халдвар аваад байна. Энэ нь нийт халдвар авсан хүмүүсийн 19 хувийг эзэлж байгаа юм. Дээрх хүүхдүүдийн 1,601 нь дотоодод халдвар авсан бол 22 нь эцэг, эхтэйгээ гадаадаас чартер нислэгээр ирсэн тул зөөвөрлөгдсөн тохиолдол гэж бүртгэжээ.

20-оос доош насныхан коронавируст халдвараар хөнгөн өвчилж буй. Тиймээс халдвар авсан хүүхдүүдийн хувьд ямар нэг байдлаар биеийн байдал нь хүндэрсэн тохиолдол байхгүй.

- ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих төвд гарсан халдварт хэчнээн хүн өртөөд байна вэ?

- Саатуулах байранд гуравдугаар сарын 23-нд халдварын эхний тохиолдол бүртгэгдсэн. Үүний мөрөөр судалгаа хийж 119 хүнээс халдвар илрүүлсэн. Тухайн үед саатуулах байранд байсан хүмүүсийн 48 хувиас халдвар илэрсэн. Саатуулах байрны орчин хаалттай учраас халдвар маш хурдтай тархдаг. Тиймээс хаалттай орчинд халдвар гарахаас сэргийлэх хэрэгтэй. Одоогийн байдлаар бусад хорих ангид халдвар гараагүй байна.

- ГССҮТ, ЭХЭМҮТ, АӨСҮТ гээд томоохон эмнэлгүүд дээр халдвар гарсан. Одоогоор хэчнээн эмнэлэгт халдвар гараад байгаа болон хэчнээн эмнэлгийн ажилтан халдвар авсан талаар тодруулж өгөхгүй юу?

- Монгол Улсад коронавируст халдвар бүртгэгдсэнээс хойш 46 эрүүл мэндийн байгууллагатай холбоотой халдвар гарсан. Гуравдугаар сарын 28-ны өдрийн байдлаар 326 эрүүл мэндийн ажилтан халдварт өртөөд байгаа. Энэ нь нийт өвчлөлийн 4.6 хувьтай байна. 326 ажилтны 70 хувь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа халдвар авсан бол 30 хувь нь хүн амын дундаас халдвар авсан. Хүн амын дундаас халдвар авах тоо нэмэгдэж байгаа бөгөөд энэ нь халдварын тархалт их байгааг илэрхийлж байна.

ДЭМБ-ын судалгаагаар олон улсад эрүүл мэндийн ажилтнуудын халдвар нийт халдварын 12-15 хувийг эзэлж байгаа бөгөөд манай улс үүнтэй харьцуулахад бага байгаа. Гэсэн хэдий ч сүүлийн үед эрүүл мэндийн байгууллагатай холбоотой халдвар нэмэгдэж байна. Гуравдугаар сарын 22-ноос хойш улс, хувийн хэвшлийн 16 эрүүл мэндийн байгууллагад халдвар бүртгэгдэж, 32 эрүүл мэндийн ажилтан халдвар аваад байгаа. 

ВИДЕО ҮЗЭХ: /2021.03.31/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/472075967273123