Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Танзаничууд талийгаач ерөнхийлөгчтэйгээ салах ёс гүйцэтгэх үеэр шахцалдааны улмаас 45 хүн амиа алджээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Африк тивийн Танзани улсын ерөнхийлөгч Жон Магуфули энэ сарын дундуур зүрхний өвчнөөр нас барсан тухай албаны эх сурвалж мэдээлсэн билээ.

Цар тахлын аюулыг үл ойшоодгоороо алдартай түүнийг Covid-19 өвчнөөр нас барсан байж болзошгүй гэсэн сэжиг яригдаж байгаа.

Гуравдугаар сарын 21-ний өдөр Танзанийн хамгийн том хот Дар эс Салаамын цэнгэлдэх хүрээлэнд талийгаач ерөнхийлөгчтэй салах ёс гүйцэтгэх ёслол болох үеэр маш олон хүн цугларсны улмаас шахцалдаан болж, 45 хүн нас барсныг тус улсын эрх баригчид өчигдөр зарлажээ.

Цагдаагийн газар эхлээд хүмүүсийн хөлд гишгэгдсэн таван хүн нас барсан тухай мэдээлж байв. Үүнээс хойш долоо хоног өнгөрсний дараа хохирогчдын тоо 45 хүрсэн тухай анх удаа зарласан нь энэ юм.

Хохирогчдын зарим нь хүмүүсийн хөлд гишгэгдэж, зарим нь шахцалдаж, амьсгалж чадахгүй болсноос амиа алджээ.

Өөр 37 хүн бэртэж, гэмтсэн байна. Ерөнхийлөгч агсан Жон Магуфулиг өнгөрсөн Баасан гарагт оршуулжээ. Түүний засаглалын үед Танзани улс цар тахлын нөхцөл байдлын талаар тоон мэдээллээ Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад тайлагнахаас татгалзаж байв.

Магуфули халдвар авахгүй байхын тулд сүмд мөргөхийг ард түмэндээ уриалж, вакциныг Өрнөдийн орнуудын санаачилсан хорлон сүйтгэх зэвсэг гэж нэрлэдэг байжээ.

Түүнийг дэд ерөнхийлөгч Самиа Сулуху Хассан залгамжилсан бөгөөд Танзанийн түүхэнд анхны эмэгтэй ерөнхийлөгч болсон юм.

 

Эх сурвалж: Reuters