Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Цагаан ордон Ази гаралтай хүмүүсийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх цогц арга хэмжээг зарлалаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Ази гаралтай хүмүүсийг гэмт хэргээс хамгаалах цогц арга хэмжээг авахаар болсныг Цагаан ордон өчигдөр зарлажээ.

Уг арга хэмжээний хүрээнд цар тахлын хямралаас эдийн засгийг аврах хөтөлбөрт зориулагдсан төсвөөс $49.5 саяыг үзэн ядах гэмт хэргийн хохирогч болсон Ази гаралтай хүмүүсийн эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулахаар болсон байна.

Мөн АНУ-ын хууль зүйн яам Ази гаралтай Америкчуудыг үзэн ядах гэмт хэргийн өсөлтөд тусгайлан анхаарал хандуулж, хэд хэдэн арга хэмжээ авахаар болсныг Цагаан ордон зарлажээ.

“Бид Ази гаралтай Америкчуудын эсрэг гэмт хэрэг өсөн нэмэгдэж байгааг хараад зүгээр суух ёсгүй. Ийм гэмт хэрэг нь байж боломгүй ‘Америк биш’ үзэгдэл бөгөөд даруй арилгах ёстой” гэж Байден өөрийн твиттер хуудсанд бичсэн байна.

Өнгөрсөн оны гуравдугаар сард тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп олон нийтэд хандаж үг хэлэхдээ коронавирусийг “хятад вирус” гэж анх нэрлэсэн нь Ази гаралтай иргэдийг ялгаварлан гадуурхах үзлийг дэвэргэсэн гэж судлаачид үзэж байгаа.

Энэ сарын эхээр Атланта хотод нэгэн зэвсэгт этгээд найман хүний амийг хөнөөсний дотор зургаан Ази эмэгтэй байсан нь АНУ-ын эрх баригчдыг уг асуудалд анхаарал хандуулахад хүргэсэн юм.

 

Эх сурвалж: Reuters