Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн төлөө санг салбарын сайд удирдана

Т.Саран, iKon.mn
2021 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн С.Чинзориг, С.Одонтуяа, Ц.Сандаг-Очир, Б.Саранчимэг нар Ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авсан байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Чинзориг Хүүхдийн төлөө санд орлого төвлөрүүлэхтэй холбоотой асуудлыг тодрууллаа. С.Одонтуяа оюуны спортоор амжилт гаргасан хүүхдүүдийг урамшуулах, уралдаан тэмцээнд оролцохоор шалгарсан ч явах зардал мөнгөгүй хүүхдүүдэд дэмжлэг олгох талаар тодруулж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас хариулт авчээ.

Ийнхүү Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулснаар Байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтсон байна.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 16 дугаар зүйлд доор дурдсан агуулгаар 16.6, 16.7 гэсэн заалтыг тус тус нэмэхээр төсөлд тусгажээ.

  • 16.6-д Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл нь хүүхдийн төлөө бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих зориулалт бүхий сантай байна.
  • 16.7-д Хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хүүхдийн төлөө сангийн удирдлагыг хэрэгжүүлнэ гэж заажээ.

Тус хуулийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөх аж.

Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийн зарцуулалтыг хүүхдэд зориулсан бодит бүтээн байгуулалт, тив, дэлхийн соёл урлаг, спортын уралдаан тэмцээнд амжилт гаргасан хүүхдийг шагнаж урамшуулах гэсэн хоёр чиглэлийг тодорхойлж, Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмыг Засгийн газар батлах заалтыг тус хуулийн төсөлд тусгасан байна.